Монголын нууц товчоо (186~190)

 ДОЛДУГААР БӨЛӨГ (186~190)

186. Төдий Хэрэйд иргэнийг доройтуулж, зүг зүг хувааж талуулав. Сүлдүдэй Тахай баатарын тусын тул нэг зуун Жирхинийг өгөв. Бас Чингис хаан зарлиг болруун: «Ван ханы дүү Жаха гамбу хоёр охинтой ажгуу. Эгчмэд Ибаха бэхийг Чингис хаан өөрөө авч, дүүмэд Сорхагтани бэхийг Толуйд өгөв. Тэр шалтгаанаар Жаха гамбуд түүний харъяат өмч иргэнийг тумдаа (бүтэн) үлдээж «Нөгөө арал бол» хэмээн соёрхож, эс талуулав.

187. Бас Чингис хаан зарлиг болруун: «Бадай Хишилиг хоёрын тусынх нь тул Ван ханы алтан тэрэм бүрнээр, алтан хөнөг, аяга сав, асарч байсан ард сэлт Онхожид (овог) Хэрэйдийг хэшигтэн нь болтугай хэмээж хорчлуулж (нум сум агсуулж), идээ шүүс бариулж, ургийн урагт хүртэл дархлан жаргагтун гээд 

    Олон дайнд уулгалбаас
    Олз олвоос
    Олсноо авагтун
    Ороо гөрөөс авлаваас
    Авласнаа авагтун» хэмээн зарлиг болов.

Бас Чингис хаан зарлиг болруун: «Бадай Хишилиг хоёрын амин зуур тус хүргэсний тул, мөнх тэнгэрт ивээгдэж, Хэрэйд иргэнийг доройтуулж, өндөр суудалд хүрэв ээ. Мөнөө хойно ургийн урагт минь өндөр суудалд сууж, энэ мэт тус хүргэгсдийг улам улам ухтугай!» хэмээн зарлиг болов. 

    Хэрэйд иргэнийг дагуулиж
    Хэнд ч дутаалгүй түгээлдэв
    Түмэн түбэгэнийг түгээлдэж
    Түгээн цөмөөр авалцав. 
    Олон Донхайд бүхнийг 
    Өдөр дүлид талуулав зээ
    Цуст тоног авагч
    Жирхин баатруудыг
    Зүсч хувааж, хүргэлдэн ядав.
Хэрэйд иргэнийг төдий хороож тэр өвөл Абжига хөдэхэрт өвөлжив. 

188. Ван хан Сэнгүм хоёр биеэ дайжиж гарч одоод, Дидиг сахалын Нэгүн уснаа хүрч, Ван хан цангаж, тэнд буух болоход Найманы харуул Хори сүбэчид орсон ажээ. Хори сүбэчи Ван ханыг барихад «Би Ван хан буюу» хэмээвээс үл танин, үнэмшил үгүй тэнд алсан ажгуу. Сэнгүм, Дидиг сахалын Нэгүн уснаа үл орон гадуур нь зорчиж, цөлд орж, ундаасахдаа хулан ялаархаж байхад, Сэнгүм мориноос бууж мяраажээ. Сэнгүмийн нөхөр Хөхөчү агтач, түүний эм лүгээ гурвуул ажгуу. Морио Хөхөчү агтачдаа бариулжухуй. Хөхөчү агтач морийг нь хөтлөөд буцаж хатируулжээ. Эм (эхнэр) нь өгүүлрүүн: 

    «Алттыг өмсөхүйд
    Амттыг идэхүйд 
    Хөхөчү минь гэдэг бүлгээ. 
    Хан Сэнгүмээ яахан тийн

    Хаяж гээж одох буюу чи?» хэмээж эм нь азнаж хоцроход Хөхөчү өгүүлрүүн: «Сэнгүмийг эрээ болгоё хэмээх буюу чи?» хэмээжүхүй. Тэр үгэнд эм нь өгүүлрүүн: «Эм хүмүүн нохой нүүртэй хэмээгдъюү зэ би. Алтан жантууг (Бортого мэт ганзагалах нэгэн зүйл сав) нь өг! Ус утгаж уутугай» хэмээжээ. Тэндээс Хөхөчү агтач алтан жантууг нь «Ав» хэмээн арагш нь хаяад хатируулжээ. Төдий ирээд Чингис хаанд Хөхөчү агтач ирж «Сэнгүмийг тийн цөлд орхиж ирэв, би» хэмээн тэнд өгүүлэлдсэн үгсээ бүгдийг бүрэн айлтгаж өгвөөс Чингис хаан зарлиг болруун: «Эмийг нь соёрхож, мөнөөх Хөхөчү агтачийг тус хан эзнээ хаяж иржээ. Ийм хүмүүн эдүгээ хэнд нөхөрлөж итгэгдэх» хэмээгээд цавчиж гээв. 

189. Найманы Таян ханы эх Гүрбэсү өгүүлрүүн: «Ван хан эртний өтгөс их хан бүлгээ. Тэргүүнийг нь авчрагтун! Мөн бөгөөс бид тахья» хэмээж Хори сүбэчид элч илгээж, тэргүүнийг нь огтлож авчруулж, таньж, цагаан толог (эсгий) дээр тавьж, бэрээдээ бэрлүүлж, сархадлуулж, хуурдуулж, аяга барьж тайжухуй. Тэнд, Ван хан тэргүүныг тийн тайж байтал инээжээ. Инээв хэмээн Таян хан хилэгнэж, хэмх гишгилүүлжүхүй. Тэнд Хөгсэгү сабраг өгүүлсэн нь: «Үхсэн хан хүний тэргүүнийг нь та нар огтолж авчраад, дараагаар нь бас та нар хэмхлэх чинь хэрхэн зохино? Бидний нохойн хуцах дуун муухай болов». Урьд Инанча билгэ хан өгүүлсэн билээ. 

    «Эм минь залуу
    Эр би өтлөв.
    Энэ Таяныг
    Илбээр төрүүлэв.
    Ай Дорой төрсөн хүү минь 
    Төрөлх олон түмэн 
    Доромж муу улсыг минь 
    Асарч барьж чадах уу?» хэмээлээ. «Эдүгээ нохойн дуун ойртохуй хуцал хуцмуу.
    Хатан бидний 
    Гүрбэсүгийн засаг
    Хурц болвай.
    Хан минь дорой Таян
    Зөөлөн буюу, чи
    Шувуулах, авлах хоёроор бус

    Сэтгэл эрдэм үгүй буй» хэмээхэд Таян хан өгүүлрүүн: «Энэ дорно зүгт цөөхөн монгол буй хэмээмүү. Тэд иргэн өтгөс их эртний Ван ханыг хор зэвсгээрээ айлгаж, дайжуулж үхүүлэв. Эдүгээ мөн хан болъё хэмээн санаж байна уу, тэд? Тэнгэрт нар, сар хоёр гэрэлтэн, гэгээ болтугай хэмээн нар, сар хоёр байдаг буй за. Газарт хоёр хан хэрхэн байж болох? Бид явж тэдгээр монголыг авч ирье» хэмээжүхүй. Түүнд эх Гүрбэсү нь өгүүлрүүн: «Юу хийнэ тэдгээрийг? Монгол иргэн үнэр муухай, хувцас буртагтан бүлгээ. Ангид хол байж байтугай. Шилмэл сайн бэрээд охидыг нь магад авчруулж, гар хөлий нь угаалгаж, үнээ хонио саалгуулж болох л хэмээжүхүй. Түүнд Таян хан өгүүлрүүн: «Тийн бөгөөс юу байх буй? Тэр монгол руу одож хор зэвсгий нь хураан авчиръя» хэмээв.

190. Эдгээр үгст Хөгсэгү сабраг өгүүлрүүн: «Ай! ямар их үг өгүүлэлцэнэ, та нар! Ай дорой хан хүч хүрэх болов уу, болигтун!» хэмээжүхүй. Хөгсэгү сабраг ятгасаар байсан боловч Торбиташи нэртэй элчийг Онгудын Алахуши дигитхурид өгүүлж илгээрүүн: «Энэ дорно цөөхөн монгол буй хэмээгдмүү. Чи баруун гар бол. Би эндээс хамсаж, тэдгээр монголын хор зэвсгийг нь авъя» хэмээж илгээжээ. Тэг үгэнд Алахуши дигитхури хариу өгүүлрүүн: «Баруун гар болон үл чадах, би» хэмээн илгээгээд, Алахуши дигитхури Юхунан нэрт элчээрээ Чингис хаанд илгээж өгүүлрүүн: «Найманы Таян хан хор зэвсгийг чинь авахаар ирмүү. Намайг баруун гар бол хэмээн иржээ. Би эс болов. Эдүгээ би чамд сэрэмжлүүлж илгээв. Ирэх дайсанд хор зэвсгээ автуузай, чи» хэмээж илгээжүхүй. Яг тэнд хаан Тэмээн хээрээр авлаад, Түлгинчэгүдийг хомроголж бүхүйд Алахуши дигитхурийн илгээсэн Юхунан элч энэ хэлийг хүргэн ирэв. Энэ хэл ав дээр ирж, «Хэрхвэл зохино?» хэмээлдвээс, олон хүмүүн өгүүлрүүн: «Манай агт морьд туранхай буй. Эдүгээ яацгаана бид?» хэмээлджүхүй. Түүнд Отчигин ноён өгүүлрүүн: «Агт морьд туранхай хэмээн яахан шалтаглана? Миний агт морьд тарган буй. Ийм үг сонсоод яахан зүгээр сууцгаах?» хэмээв. Бас Бэлгүдэй ноён өгүүлрүүн: «Амьд бөгөөтөл нөгөө этгээдэд хороо (хоромсогоо) автваас, амьд байсан юуны тус буй? Эр болж төрөөд, үхсэн чиг хор (хоромсого) нумтайгаа ясаа нэгэн дор хэвтүүлвээс илүү сайн буй. Найман иргэн, улс ихтэй, иргэн олонтой хэмээн их үг өгүүлэх ажгуу. Бид эдний их үгэнд даруй морилон одож, тэдний хорыг (хоромсогыг) авбаас бэрхдэх юун ажгуу. 

    Одвоос олон адуу нь 
    Омоорч хоцрох бус уу
    Орд гэр нь 
    Ормондоо хоцрох бус уу
    Олон улс иргэд нь
    Өндөр газарт 
    Өгсөн хорж гарах бус уу
    Мөнөө ийм их үг хэлүүлж хэрхэн зүгээр сууцгаана? Даруй морилъё» хэмээв. 

Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдсэн.

Монголын түүх ямар ч Монгол хүнд ойрхон байх ёстоай гэсэн үүднээс Монголын Нууц Товчоог хэсэгчлэн оруулаад байгаа билээ. 

Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (191~197)

Монголын нууц товчоо (198~208)