Монголын нууц товчоо (209~229)

ЕСДҮГЭЭР БӨЛӨГ (209~229)

209. Бас Чингис хаан Хубилайд өгүүлрүүн:

    «Хүчтийн хүзүү
    Бөхийн бөгс
    Дарж өгөв зэ, чи
    Эд Хубилай, Зэлмэ, Зэбэ, Сүбэгээдэй та дөрвөн нохдоо санасандаа зориулж илгээвээс
    Хүр хэмээгсэнд
    Гүр чулуу хэмхлэн
    Халд хэмээгсэнд
    Хад чулуу хагалан
    Цэгээн чулуу цуулан
    Цээлийн усыг таслан авай зэ, та нар.

    Хубилай, Зэлмэ, Зэбэ, Сүбэгээдэй та дөрвөн нохдоо зорьсон газраа илгээж, Боорчу, Мухали, Борохул, Чулуун баатар эд дөрвөн хүлгүүдээ дэргэдээ авбаас, хатгалдах өдөр болвоос, Жүрчидэй Хуйлдар хоёрыг Уругууд, Мангудаа урдаа байгуулваас, сэтгэлээ бүрэн амуух (амар болох) бүлгээ, би» хэмээв. «Хубилай чи цэргийн үйл бүхнийг ахалж байх бус уу?» хэмээн соёрхож зарлиг болов. Бас «Бэдүүн мужууд зантай тул би муучлан явж, мянган эс өгөв. Чи түүнтэй эвсэг буй за. Чам лугаа мянгалж, эетэлдэн явтугай» хэмээв. Бас «Мөнөө хойно Бэдүүнийг санаж явъя, бид» хэмээв.

210. Бас Чингис хаан Гэнигэдэйн Гунанд өгүүлрүүн: «Та нар Боорчу, Мухали тэргүүтэн ноёдод Додэй, Доголхутан чэрбинүүдэд энэ Гунан 

    Хар шөнө
    Гэндүү (Барс, ирвэс тэргүүтэн араатны эрэгчнийг нэрлэнэ чоно)
    Гэгээн өдөр
    Хар хэрээ болж
    Нүүхэд эс өнжсөн
    Өнжихэд эс нүүсэн
    Бусар хүмүүнтэй
    Буруу нүүр эс гаргасан
    Өшөөт хүмүүнтэй
    Өөр нүүр эс гаргасан
    Гунан Хөхөчос хоёроос зөвшил үгүй бүү үйлдэгтүн!» хэмээн зарлиг болов.

    «Хөвүүдийн минь ах Жөчи буй за. Гунан Гэнигэсээ тэргүүлж, Жөчийн доор түмний ноён болтугай» хэмээн зарлиг болов. «Гунан, Хөхөчос, Дэгэй, Үсүн өвгөн эд дөрөв
    Үзсэнээ
    Үл нуун
    Сонссоноо
    Үл хавчих бүлгээ.
    Эд дөрөв итгэлтэй буй за»

211. Бас Чингис хаан Зэлмэд өгүүлрүүн: «Жарчуудай өвгөн хөөргөө (төмрийн) үүрч, Зэлмэ чамайг өлгийтэй байхад Бурхан халдунаас бууж ирэхдээ, Ононы Дэлүүн болдогт намайг төрөхөд булган нэлхэ (манцуй) өгч билээ. Тэр нөхөрлөсөөр

    Босгын боол
    Үүдний өмч болов зэ.
    Зэлмэгийн тус нь олон буй за.
    Төрөхөд чинь төрөлцсөн
    Өсөхөд минь өсөлцсөн
    Булган нэлхэ угтай
    Өлзий хутагт Зэлмэ
    Есөн алдал алдваас
    Эрүүд бүү ортугай» хэмээн зарлиг болов.

212. Бас Чингис хаан Толунд өгүүлрүүн: «Эцэг хөвүүн хоёр өөр өөр мянганыг хэрхэн мэдэх бүлгээ? Чи улс хураалцан, эцгийнхээ өрөөсөн жигүүр болон зүтгэж, улс хураалцсан тул чэрби цол өгөв өө. Эдүгээ өөрийн олсон, зөөснөөрөө өөрийн мянга болгож, Турухантай зөвшилцөн байх бус уу, чи» хэмээн зарлиг болов.

213. Бас Чингис хаан Өнгүр буурчид өгүүлрүүн: «Гурван Тохурууд, таван Таргуд, Мөнгөт хианы хөвүүн чи Өнгүр, Чаншууд, Баягуудтай та нар надад нэгэн хүрээ болж, Өнгүр чи

    Буданд эс төөрөв зэ, чи
    Булхалдахад эс хагацав за, чи
    Нойтон новшилдож
    Хүйтэн гөвшилдөж явав за, чи

    Эдүгээ ямар соёрхол авна, чи?» хэмээвээс Өнгүр өгүүлрүүн: «Соёрхол сонгуулваас, Баягууд ах дүү минь харь харь тутамд бутран тарсан буй Соёрхвоос, Баягууд ах дүүгээ цуглуулсугай» хэмээвээс «За тэг! Баягууд ах дүүгээ цуглуулж, чи мянганыг мэд!» хэмээн зарлиг болов. 

    Бас Чингис хаан зарлиг болруун: «Өнгүр Борохул хоёр баруун, зүүн этгээдэд та хоёр буурч идээ түгээхдээ:

    Баруун этгээд
    Байсан, сууснаа
    Үл дутуулан
    Зүүн этгээд
    Зэргэлсэн, эссэнээ
    Үл дутуулан

    Та хоёрыг тийн түгээвээс, миний хоолой үл зангиран сэтгэл амуу юу. Эдүгээ Өнгүр Борохул хоёр морилон явж, идээ бэлтгэн, олон түмнээ түгээгтүн» хэмээн зарлиг болов. «Суурь суурийн их сөнгийн баруун, зүүн этгээдэд идээ базаалгаж, суугтун! Толун тан лугаа төвлөн суутугай» хэмээн суурь зааж өгөв.

214. Бас Чингис хаан Борохулд өгүүлрүүн: «Эх минь Шигихутуг, Борохул, Хүчү, Хөхөчү та дөрвийг

    Хүний нутгаас
    Хөсрөөс олж
    Хөлдөө дүрж
    Хүүчлэн асарч тэжээхдээ
    Хүзүүнээс чинь татаж
    Хүмүүний зэрэгт хүргэж
    Эгэмнээс чинь татаж
    Эрийн зэрэгт хүргэж
    Хөвүүдээ, манд, нөхөр сүүдэр болгоё хэмээн тэжээв зэ, та  нарыг. Тэжээл гэсэн ачаа эхэд минь магад хэдүй ач тус хариулав., та нар? Борохул надад нөхөрлөж
    Хурдан аянд
    Хуртай шөнө
    Хоосон эс хонуулав аа, чи. 
    Шүтээлэлдэж бүхүй дайсанд
    Шөлөн үгүй эс хонуулав аа, чи
    Бас
    Өвгөд эцгийг барагсад
    Өштөн хястан
    Татаар иргэнийг
    Доройтуулж
    Өшил өшин
    Хясал хясан

    Татаар иргэнийг цүүнд үлэж (чацуулж), үлэтгэн хядахуйд, Татаарын Харгил шар алагдах болоход, оорцог болон гарч, жич өлсөж, ядарч явахдаа, эхийн гэрт орж ирж, би идээн эрж ирсэн буюу хэмээжээ. «Идээн эрж ирсэн бөгөөс тэнд суу» хэмээн баруун орны үүдэн талын үзүүрт сууж бүхүйд, таван настай Толуй гаднаас орж ирж, эргэн гүйж гарч одон бүхүйд, Харгил шар босоод, хөвүүнийг сугандаа хавчиж, гарч одож явахдаа, хутгаа тэмтэрч сугалан явахуйд, Борохулын гэргий Алтани эхийн гэрт зүүнтээ сууж байсан бүлгээ. Эх хашгирч «Хөвүүн аллаа» хэмээхтэй зэрэг Алтани хөөцөлдөн гүйж гарч, Харгил шарын хойноос гүйцэж, нэг гараар шивэргэл (гэзэг)-ээс нь барьж, нөгөө гараараа хутгаа сугалж бүхий гарыг нь барьж, татахын хамт тэрээр хутгаа алджээ. 

    Гэрийн ард Жэтэй Зэлмэ хоёр мугал-зар хар үхрийг жэмлэн (муулан) алж бүхүйд, Алтанийн дуугаар Жэтэй Зэлмэ хоёр мугал-зар хар үхрийг жэмлэн муулан алж бүхүйд, Алтанийн дуугаар Жэтэй Зэлмэ хоёр сүх барьсаар, улаан гартай гүйж ирж, Татаарын Харгил шарыг сүхээр, хутгаар мөн тэнд нь алжээ. Алтани, Жэтэй, Зэлмэ хоёр өгүүлрүүн: «Маныг үгүй бөгөөс, хурдан гүйж хүрч эс алсан бол Алтани эм хүн яах билээ? Хөвүүний аминд хор хүргэх бүлгээ. Гавъяа биднийх буй за» хэмээв. Алтани өгүүлрүүн: «Миний дуу эс сонссон бол та нар хэрхэн ирэх бүлгээ? Намайг гүйж гүйцэж ирж, шивэргэлээс нь барьж хутга сугалсан гарыг нь татаж хутгыг нь эс алдуулсан бөгөөс Жэтэй Зэлмэ хоёрыг хүрч иртэл хөвүүний аминд хор үл хүргэнэ хэмээж үү?» хэмээв. Өгүүлэн барваас, гавъяа Алтанийх болов. Борохулын гэргий Алтани Борохулд Хэрэйдтэй Хар халзан элстэд хатгалдахуйд, Өгөдэйн сужаа махаар нь сум тусч, мориноос унахад, Борохулд дээр нь бууж бөглөсөн цусыг нь амаараа шимж, шөнө цуг хоножж, маргааш нь моринд унуулж сууж ядахад, сундалж Өгөдэйн араас тэвэрч бөглөсөн цусыг шимэн шимэн, амныхаа завжийг улаадаж, Өгөдэйн амийг эсэн мэнд хүргэж ирж билээ. Эхийн минь тэжээн зовсон ач, хоёр хөвүүдийн минь аминд тус болов. Болохул надтай нөхөрлөж

    Дарвиан урианаас
    Дуун дэмээс эс хождов зэ
    Борохул есөн алдал алдваас бүү алдтугай» хэмээн зарлиг болов.

215. Бас «Охин урагаар соёрхол өгье» хэмээв.

216. Бас Чингис хаан Үсүн өвгөнд өгүүлрүүн: «Үсүн, Гунан, Хөхөчос, Дэгэй эд дөрөв
    Үзсэн сонссоноо
    Үл нуун хавчиж
    Өгүүлж зааж байх бүлгээ
    Ухсан сэтгэснээ
    Уламжлан хэлж байх бүлгээ
    Монголын төр, ноён мөр
    Бэхи (Ноён хэргэмийн зэрэг цол) болохуй ёсон ажгуу.
    Баарин ахын ураг бүлгээ
    Бэхи мөр бидний дотор дээрээс
    Бэхи Үсүн өвгөн болтугай!
    Бэхи өргөөд цагаан дээл өмсөж, цагаан агт унуулж, суурь дээр суулган тахиж, бас он сар саатан тийн атугай» хэмээн зарлиг болов. 

217.  Бас Чингис хаан өгүүлрүүн: «Хуйлдар анд хатгалдаанд амь үрж, урьд ам нээсний тусын тул ургийн урагт хүртэл өнчдийн авилга аван атугай» хэмээн зарлиг болов. 

218. Бас Чингис хаан Цагаан-Ува-гийн хөвүүн Нарин Тоорилд өгүүлрүүн: «Чиний эцэг Цагаан-Ува миний өмнө хичээж, хатгалдах болоход, Далан балжудад хатгалдахуйд Жамухад алагдлаа. Эдүгээ Тоорил эцгийнхээ хүргэсэн тусад өнчдийн авилга автугай» хэмээхэд Тоорил өгүүлрүүн: «Соёрхвоос, Нэгүс ах дүү нар минь харь тутамд бутран тарсан буй. Соёрхвоос, Нэгүс ах дүү юүгээн цуглуулсугай» хэмээвээс, Чингис хаан зарлин болруун: «Тийн бөгөөс Нэгүс ах дүүгээ цуглуулж, чи ургийн ураг хүртэл мэдэж байх бус уу?» хэмээн зарлиг болов.

219. Бас Чингис хаан Сорхон шард өгүүлрүүн: «Намайг өчүүхэн цагт Тайчуудын Таргудай хирилтуг ах дүүс атаархаж, бариваас тэнд ах дүүдээ атаархагдлаа хэмээн Сорхон шар Чулуун, Чимбай хөвүүдээрээ, Хадаан охиноороо асруулж, нууж байж, намайг тавьж илгээв зэ, та нар. Тэр сайн тусыг тань санаж

    Хар шөнө зүүдэндээ
    Гэгээн өдөр цээжэндээ
    Санаж явав аа, би

    Та харин Тайчуудаас удаж ирэв ээ. Эдүгээ би таныг соёрхвоос, ямар соёрхол таалах, та?» хэмээв. Сорхон шар Чулуун, Чимбай хөвүүдтэйгээ ийн өгүүлрүүн: «Соёрхвоос, нутаг дархалсу. Мэргидийн газар Сэлэнгийг нутаглаж дархалсу. Бас хоёр соёрхлыг Чингис хаан мэдтүгэй» хэмээв. Түүнд Чингис хаан өгүүлрүүн: «Мэргидийн газар Сэлэнгийг нутаглаж, нутаг дархалтун! Ургийн урагт хүртэл хоромсоголуулж, идээ шүүс эдлүүлж дархлагтун! Есөн алдалд, эрүүд бүү ортугай» хэмээн зарлиг болов. Бас Чингис хаан Чулуун Чимбай хоёрыг соёрхохдоо: «Эрт Чулуун Чимбай хоёр өгүүлсэн үгсээ санаж, надад хэрхэн хандах, та хоёр? Чулуун Чимбай та хоёр санасанаа өгүүлэх бөгөөс, дутуугаа гуйх бөгөөс завсрын хүнд бүү хэлэгтүн! Өөрийн биесээр, амаар надад та нар өөрсдийн бодсоноо хэлэгтүн! Дутуу юугаан өөрсдөө гуйгтун!» хэмээн зарлиг болов. Бас «Сорхон гар, Бадай, Хишилиг та нарыг дархад дархлахдаа бас: 

    Олон дайсанд довтолж
    Олз олвоос
    Олсноо авагтун
    Ороо гөрөөс авлаваас
    Алсанаа авантун» хэмээн зарлиг болов. 

    «Сорхон шар хэмээвээс Тайчуудын Төдэгэгийн харъат ард ажгуу. Бадай Хишилиг хоёр хэмээвээс Чэрэний адуучин ажгуу. Эдүгээ миний турхаг болон хоромсоглуулж, идээ шүүс эдлүүлж, дархлан жаргагтун» хэмээн зарлиг болов. 

220. Бас Чингис хаан Наяад өгүүлрүүн: «Ширгээт өвгөн Алаг, Наяа хөвүүн-тэйгээ тантай Таргудай хирилтугийг барьж, бидэнд айсуй зуур Хутухул нугад хүрч, тэнд Наяа өгүүлрүүн: «Тус хан эзнээ хэрхэн тэвчин гардаж одох, бид?» хэмээн тэвчин ядаж, тавьж явуулж, Ширгээт өвгөн Алаг, Наяа хөвүүдтэйгээ ирж, Наяа бялзуур өгүүлрүүн: «Тус хан эзнээ Таргудай хирилтугийг гардаж ирэхдээ, жич тэвчиж ядаж, тавьж явуулж, бид Чингис хаанд хүч өгөхөөр ирэв. Хан эзнээ гардаж ирвээс, өөрийн эзнээ гардагсад ард мөнөө хойно хэрхэн итгэгдэх, эд? хэмээгдэх» хэмээжээ. «Хан эзнээ тэвчин ядав» хэмээвээс, тэнд «Тус хан эзнээ тэвчин ядсан их ёс төрийг санажээ» хэмээн үгийг нь зөвшөөж, «Нэгэн уйлд түшье» хэмээлээ. «Эдүгээ Боорчуд баруун гарын түмэн мэдүүлтүгэй. Мухалид гоо ван цол өгч, зүүн гарын түмэн мэдүүлэв. Эдүгээ Наяа төвийн түмэн мэдтүгэй» хэмээн зарлит болов.

221. Бас «Зэбэ Сүбэгээдэй хоёр өөрийн олсон зөөснөөрөө мянгалтугай» хэмээв.

222. Бас Дэгэй хоньчинд бүгдүүл (дарагдмал) иргэдийг цуглуулж мянга мэдүүлэв.

223.  Бас Хүчүгүр модчинд иргэн дутагдаж, энд тэндээс гувчиж, Жадаранаас Мулхалхутай эрдэж нөхцүүлэв. «Хучугур Мулхалху хоёр нэгнээ мянгалж, зөвшилцөж байгтун!» хэмээв.

224.  Улс байгуулалцагсад, хамт зүдрэгсдийг мянгадын ноёд болгож, мянга мянгалж, мянгад, зууд, аравдын ноёдыг түшиж, түмлэж, түмэдийн ноёд түшиж, түмэд, мянгадын ноёдод соёрхол өгөх ёстой мэтэд соёрхол өгч, соёрхол зарлиг болгоход нь болж, Чингис хаан зарлиг болруун: «Урьд наян хэвтүүлст, далан турхаг хэшигтэнтэй байсан бүлгээ. Эдүгээ мөнх тэнгэрийн хүчинд тэнгэр, газраа хүч аугаа нэмэгдэж, гүр улсыг шударгатгаж, гагц жолоондоо оруулсанд эдүгээ надад хэшигтэн, турхагийг мянгад мянгадаас ялгаж оруулагтун! Оруулахдаа хэвтүүл, хорчин, турхаг оруулж, түм дүүргэн оруулагтун» хэмээн зарлиг болов. Бас Чингис хаан хэшигтэн ялгаж оруулахыг мянгад мянгадад зарлиг тунхагласан нь: «Бидэнд хэшигтэн оруулахдаа түмэд, мянгад, зуудын ноёдын хөвүүд, эгэл хүний хөвүүдийг оруулахдаа, эрдэмтэн, шил сайтайг, бидний дэргэд явах мэтсийг оруултугай! Мянгадын ноёдын хөвүүдийг оруулахдаа, арван нөхдөд нэг дүү нь дагалдан иртүгэй! Зуудын ноёдын хөвүүдийг оруулахдаа, таван нөхөд нэг дүүгээ дагуулж иртүгэй! Аравдын ноёдын хөвүүдийг оруулахдаа, эгэл хүний хөвүүдийг оруулахдаа, гурван нөхөд нэг дүүгээ дагуулж, уг газраас улаа хүч бэлтгэж иртүгэй! Бидний дэргэд явуулах хүмүүсийг бөхлөхдөө, мянгадын ноёдын хөвүүдэд арван нөхдийг уг мянга, зуугаас гувчиж татаж өгтүгэй! Эцгийн өгсөн хувь хишиг буй бөгөөс өөрийн дан биеэр олсон зөөсөн эр, агт хэдүй буй бөгөөс өмч хувиас ангид, бидний хэмлэсэн (хэмжиж тогтоосон) хэмээр гувчиж, тийн гувчиж бэлтгэж өгтүгэй! Зуудын ноёдын хөвүүдэд таван нөхөд, аравдын ноёдын хөвүүд, эгэл хүний хөвүүдэд гурван нөхөд мөнхүү ёсоор нь өмч хувиас ангид мөн тийн гувчиж өгтүгэй» хэмээн зарлиг болов. «Мянгад, зууд, аравдын ноёд олон хүн бидний энэ зарлигийг хүргүүлээд, сонсоод, давах ард алдалтан болтугай! Бидэнд хэшиг оруулах ард бултарч, үл болох ард бидний дэргэд явахаа бэрхшээвзэс, бусдыг оруулж, тэр хүнийг эрүүлж (яллаж), нүдний эчнээ хол газар явуулъя» хэмээн зарлиг болов. Бидний дэргэд дотно явж суралцъя хэмээж бидэнд ирэх ардыг бүү хориглотугай хэмээв.

225. Чингис хааны зарлит болсноор мянгадаас ялгаж, зууд, аравдын ноёдын хөвүүдийг мөнхүү зарлигаар ялгаж гаргаж иржээ. Урьд наян хэвтүүл байсан булгээ. Эдугээ найман зууд болгов. «Найман зуу дзэр нэмж мянга дүүргэтүгэй» хэмээв. «Хэвтүүлд орох хүнийг бүү хориглотугай» хэмээн зарлиг болов. «Хэвтүүлийг Их нэгүрин ахалж, мянганыг мэдэж байтугай» хэмээн зарлиг болов.

«Урьд дөрвөн зуун хорчин ялгав. Ялгасан хорчиныг Зэлмэгийн хөвүүн Есүнтэгэ ахалж, Түгэгийн хөвүүн Бүгидэй лүгээ зөвшилцөж байтугай» хэмээв. «Турхагуудтай хорчин хэшиг хэшигт орохдоо Есүнтэгэ нэгэн хэшиг хорчиныг ахалж ортугай Бүгэтэй нэгэн хэшиг хорчиныг ахалж ортугай Хорхудаг нэгэн хэшиг хорчиныг ахалж ортугай Лаблаха нэгэн хэшиг хорчиныг ахалж ортугай Хор агсагч турхагуудын хэшиг хэшиг хорчиноо тийн ахалж оруултугай Хорчиныг мянга дүүргэж, Есүнтэгэ ахалж байтугай» хэмээн зарлиг болов.

226.  «Урьд Өгэлэ чэрби лүгээ орогсод турхагууд дээр нэмж мянга дүүргэж, Боорчугийн ургаас Өгэлэ чэрби мэдтүгэй» хэмээв. «Нэг мянган турхагуудыг Мухалийн ургаас Буха нэг мянган турхагуудыг мэдтүгэй!» хэмээв. Илүгэйн ургаас Алчидай «Нэг мянган турхагуудыг мэдтүгэй!» хэмээв. «Нэг мянган турхагуудыг Додэй чэрби мэдтүгэй! Нэг мянган турхагуудыг Доголху чэрби мэдтүгэй!» хэмээв. «Нэг мянган турхагуудыг Жүрчидэйн ургаас Чанай мэдтүгэй! Нэг мянган турхагуудыг Алчийн ургаас Ахудай мэдтүгэй! Нэг мянган турхагуудыг Архай хасар, нэг мянган ялгасан баатруудыг мэдэж, олон өдөр турхаг болтугай! Хатталдах өдөр урд минь байж баатар бамбай болтугай» хэмээн зарлиг болов. Мянгад, мянгадаас ялгаж ирсэн найман мянган турхагууд болов. Хэвтүүл, хорчинтой хамт хоёр мянга болов. Түмэн хэшигтэн болов. Чингис хаан зарлиг болруун: «Бидний хажууд түмэн хэшигтэнийг бөхлөж, их гол хүч болон атугай» хэмээн зарлиг болов. 

227. Бас Чингис хаан зарлиг болж, турхагуудын дөрвөн хэшигийн ахлаачдыг түшихдээ: «Буха нэгэн хэшиг хэшигтэнийг мэдэж, хэшигтэнийг засаж ортугай! Алчидай нэгэн ээлж хэшигтэнийг мэдэж, хэшигтэнийг засаж ортугай! Додэй чэрби нэгэн хэшиг хэшигтэнийг мэдэж, хэшигтэнийг засаж ортугай! Дохолху чэрби нэгэн хэшит хэшигтэнийг мэдэж, хэшигтэнийг засаж ортугай!» хэмээн дөрвөн хэшигийн ахлаачийг түшиж, хэшиг орох зарлиг тунхаглахдаа, «Хэшиг орохдоо, хэшигийн ноён өөртөө хэшиглэсэн хэшигтнийг бүрдүүлж, хэшиг орж гурав хоноод солилцтугай! Хэшигтэн хүн хэшиг огоорвоос, тэр хэшиг огоорсон хэшигтэнийг гурван бэрээ шүүтүгэй! Мөн хэшигтэн бас ахин хэшиг огоорвоос, долоон бэрээ шүүтүгэй! Бас мөн хүн бие хараа өвчин үгүй, хэшигийн ноёноос хэлгүй бас мөн хэшигт гурвантаа хэшиг огоорвоос, гучин долоон бэрээ шүүгээд, бидэнтэй явахаа бэрхшээсэн ийм хүнийг эчнээ хол газар илгээе» хэмээн зарлиг болов. «Хэшигуудийн ахлагч гурав гурван удаа хэшигт энэ зарлигийг хэшигтэнд сонсгогтун! Эс сонсговоос, хэшигүүдийн ахлагч алдалтан болтугай! Зарлиг сонссон атал давбаас, зарлигийн ёсоор огоорвоос, хэшигтэн алдалтан болтугай!» хэмээн зарлиг болов. «Хэшигийн ахлагч, ахлагч болов уу хэмээн сацуу орсон миний хэшигтэнийг надаас эегүй (үг хэлгүй) бүү буруутгагтун! Засаг хөндвөөс, надад зааж өгөгтүн! Мөхөөх ёстой бөгөөс бид мөхөөе. Занчих ёстой бөгөөс хэвтүүлж  занчъя. Ахлав хэмээн сацуу эрхт хэшигтнийг минь өөрийн дураар гар хөл хүргэж, бэрээдвээс бэрээний хариуд бэрээгээр, нударганы хариуд  нударгаар хариултугай!» хэмээв.

228. Бас Чингис хаан зарлиг болруун: «Гаднах мянгадын ноёдоос миний хэшигтэн дээр буй за. Гаднах зуудын, аравдын ноёдоос миний хэшигтний хөтөч дээр буй за. Миний хэшигтэнд гаднах мянгадууд эн зэрэгцэн, миний хэшигтэнтэй хэрэлдвээс, тэр мянгалгуудын хүнийг эрүүлье (яллая)» хэмээн зарлиг болов.

229. Бас Чингис хаан зарлиг болруун, хэшиг хэшигийн ноёдод зарлиг тунхаглахдаа: «Хорчин турхагуудын хэшиг орж, өдрийн явдалд зүг зүг, мөр мөртөө явж нарны галтайд хэвтүүлд зайлж, гадна гарч хонотугай! Бидэнтэй шөнө хэвтүүл хонож байтугай! Хорчин хоромсого саадгаа, буурчин аяга саваа хэвтүүлд даалгаж явтугай! Гадна хоносон хорчин, турхагууд, буурч нар биднийг шөл идтэл морины хэрээн дээр сууж, хэвтүүлд хэлүүлж, шөл идэж дуусахаар, хорчин хоромсого саадгандаа, турхаг байр сууриндаа, буурч аяга саваа эзэмшин ортугайХэшиг орохдоо, мөн уг ёсоор энэ хуулиар тийн хийтүгэй!» хэмээн зарлиг болов. «Нар шингэсний хойно ордын хойгуур урдуур гэтэлзэн явах хүнийг барьж, хэвтүүл барьж хонож, маргааш нь хэвтүүл үгсийг нь асуутугай! Хэвтүүл хэшиг солигдоход, тэмдгээ шалгуулж орж иртүгэйХэшиг солигдож гарахад, хэвтүүл дагуулж гарч одтугай!» хэмээв. «Хэвтүүл шөнө орд орчин хэвтэж, үүд дарж байсан хэвтүүл шөнө орж ирэх хүний толгойг нь дэлбэ, мөрий нь буутал цавчиж оорогтун! Яарал хэлтэн (яаруу уг хэлтэй) хүн шөнө ирвээс, хэвтүүлд хэлж, гэрийн араас хэвтүүлтэй хамт байж хэлүүлтүгэй!» хэмээв. «Хэвтүүлээс дээр суудалд хэн ч бүү суутугай! Хэвтүүлээс хэл үгүй хэн ч бүү ортугай! Хэвтүүлийн дээгүүр хэн ч бүү явтугай Хэвтүүлийн захаар бүү явтугай! Хэвтүүлийн тоог бүү асуутугай! Хэвтүүлийн дээгүүр явах ардыг хэвтүүл барьтугай! Захаар явах ардыг хэвтүүл барьтугай! Тоо асуусан хүнийг, хэвтүүл уг хүнийг тэр өдрийн унасан эмээлтэй, хазаартай морь, өмссөн хувцас сэлтийг хэвтүүл автугай!» хэмээн зарлиг болов. «Элжигдэй итгэлтэй хүн бөгөөтөл үдэш хэвтүүлийн дээгүүр явж байгаад хэвтүүлд хэрхэн баригдлаа?»


Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдсэн.

Монголын түүх ямар ч Монгол хүнд ойрхон байх ёстоай гэсэн үүднээс Монголын Нууц Товчоог хэсэгчлэн оруулаад байгаа билээ. 

Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (191~197)

Монголын нууц товчоо (198~208)