Монголын нууц товчоо (198~208)
НАЙМДУГААР БӨЛӨГ (198~208)
198. Мэргид иргэнийг дагуулиж, Тогтога бэхийн их хөвүүн Худугийн хатад Түгэй Дөрэгэнэ хоёроос Дөрэгэнээг тэнд Өгөдэй хаанд өгөв. Мэргидийн зарим улс дайжиж, тайгад хороо барьж хороолжухуй. Тэнд Чингис хаан зарлиг болруун: «Сорхон шарын хөвүүн Чимбайг ноёлж (ноён болгож), зүүн гарын цэргүүдээр хороолуулсан Мэргидийг довтолгон» илгээв. Тогтога, Худу, Чулуун хөвүүдтэйгээ цөөн биесээр дайжиж гарсныг, Чингис хаан нэхэн, Алтайн өвөрт өвөлжиж, үхэр жилийн (1205) хавар Арайгаар давж одвоос, Найманы Хүчүлүг хан улсаа автуулж, тэр дайжиж явсан цөөн хүмүүн Мэргидийн Тогтога хоёул нийлж, Эрчис мөрний Бухдурмад хамтран цэргээ засч байжээ. Чингис хаан хүрч очиж байлдваас, Тогтога тэнд шавын суманд (бороо мэт сольцон харвах сум) оногдон унажээ. Хөвүүд нь ясыг нь барин ядаж, биеийг нь авч явж завдал үгүй, тэргүүнийг нь огтлон авч явжээ. Тэнд Найман Мэргид хоёр нэг тал болон хамтран байлдан ядаж, буруулан хөдөлж, Эрчис гэтлэхдээ, чивж цөмөрч унаж, олонхоо усанд үхүүлжээ. Цөөн амьд гарсан Найман Мэргид хоёр Эрчис гэтлэн туулж, хагацан хөдлөв.
Найманы Хүчүлүг хан Уйгурдай Харлугуудыг дайран, Сартуулын газар Чүй мөрнөө бүхүй Хар хятанын Гүр ханд нийлэн оджээ.
Мэргидийн Тогтогагийн хөвүүд Худу, Гал, Чулуун тэргүүтэн Мэргид Ханлин, Хибчагуудыг (Хипчаг) дайран явжээ. Тэндээс Чингис хаан эргэж, Арайгаар давж, агуругууддаа ирж буув.
Чимбай тайгад хороо хороолсон Мэргидийг мохоожээ. Тэнд Мэргидийг Чингис хаан зарлиг болохдоо: «Хядахыг нь хядуулж, үлдэгсдийг нь цэргүүдэд талуулав. Бас урьд дагаж орсон Мэргид агуругуудаас дайжиж босчээ. Агуругуудад байсан бидний хөтөч нар тэднийг даржээ.» Тэнд Чингис хаан зарлиг болруун: «Бид тумдаа (бүтнээр) нь байлгая хэмээлээ. Харин тэд дайжин босох ажгуу» хэмээн Мэргидийг зүг зүг дуустал хуваалгав.
199. Мөн үхэр жил (1205) Чингис хаан зарлиг болж, Сүбэгээдэйг төмөр тэрэгтэй Тогтогагийн Худу, Гал, Чулуун тэргүүтэн хөвүүдийг нь нэхүүлэн илгээхдээ, Сүбэгээдэйд Чингис хаан зарлиг болж дуу бариулруун (элчээр үл илгээх ёс): «Тогтогагийн Худу, Гал, Чулуун тэргүүтэн хөвүүд нь:
Харин харвалцаж
Уургат хулан
Сумт буга болж одов
Тэднийг жигүүрт болж нисч
Тэнгэрт гарваас
Сүбэгээдэй чи
Шонхор болж
Нисч барих бус уу, чи?
Тарвага болж
Хумсалж малтаж
Газарт орвоос
Царил болж
Цохиж эрж (ухан төнхөж)
Гүйцэх бус уу, чи?
Загас болж тэр
Тэнгэс далайд орвоос
Сүбэгээдэй чи гөлми (их өөш буюу загас шувуу барих том тор урхи) гувчуур болж
Шүүж гувчиж авах бус уу, чи?
Бас
Өндөр даваа давуулж
Өргөн мөрөн гэтлүүлж
Илгээв, чамайг.
Газрын холыг бодож, цэргийн улаа морьдыг тураагүйд нь хайрлагтун! Хүнсээ дуусаагүйд нь гамнагтүн! Агт нэгэн турж барваас хайрлаад ашиг үл болюу. Хүнсээ баран дуусгаваас гамнаж үл болюу. Мөрт чинь ан гөрөөс олон буй за. Алсыг бодож явахуйд, цэргийн хүмүүнийг гөрөөс бүү хөөлгөгтүн! Хэмгүй ихээр бүү авлагтун! Цэргийн хүний хүнсэнд нэмэрлэж өгөх болтугай хэмээн авлаваас, хямгалж авлагтун! Хэмжээт аваас ангид, цэргийн хүний эмээлийн хударга бүү хударгалуул! Амгайвчилж явтугай! Тийн журамлаж явбаас, цэргийн хүмүүн уулгалан давхиж хэрхэн чадна. Ийн засаглах бөгөөд засаг зарлиг давагсдыг барьж занчтугай! Бидний засаг зарлиг давагсдыг, бидний танил мэт хүмүүсийг бидэнд өгч илгээгтүн! Бидний үл таних олныг мөн тэндээ мэдэж мөхөөгтүн!
Мөлтрөгч та нар
Мөн ёсоор явагтун!
Уулсын чанад
Алслагч та нар
Ангид өөрийг бүү сэтгэгтүн!
Мөнх тэнгэрт хүч аугаа нэмэгдэж, Тогтогагийн хөвүүдийг гартаа оруулваас, бидэнд авчрах хэрэг юун буй? Тэндээ та нар гээгтүн!» хэмээн зарлиг болов. Сүбэгээдэйд бас Чингис хаан өгүүлрүүн: «Чамайг явуулахдаа би өчүүхэн цагт минь гурван Мэргидийн Удуйдад Бурхан халдунд гурвантаа бүслүүлж айлгагдлаа, би. Тийм өштөн иргэн эдүгэээ бас ам хэл алдаж одов.
Гүний ёроол хүртүгэй хэмээн үзүүрт хүртэл нэхүүлэн төмөр тэрэг дэлдэж (хийлгэж) үхэр жил мордуулав. Биднийг эчнээ бөгөөс ил мэт, хол бөгөөс ойр мэт санаж явбаас дээд тэнгэрт ивээгдмүү зээ, та нар» хэмээн зарлиг болов.
200. Найман, Мэргидийг мохоон дуусгаваас Жамуха Наймантай байж тэнд улсаа автахад, мөн таван нөхөдтэйгөө оорцог болж, Танлу (Тагна) дээр гарч, угалз алж, шарж идэхэд, тэнд Жамуха нөхөддөө өгүүлжээ. «Хэний хөвүүд энэ өдөр угалз алж ийн идмүү?» хэмээв. Тэр угалзын мах идэж байх зуур таван нөхөд нь Жамухыг гардаж барьж, Чингис хаанд авчирч өгөв. Жамуха нөхөддөө баригдаж ирээд:
Хар хэрээ
Харамбай нугас барих болов
Харц боол
Хан эзэндээ
Гар хүргэх болов
Хаан анд минь юу эндэх
Бор хулд
Борчин соно барих болов
Боол зарц
Бодот эзнээ
Босч гэнэдүүлж барих болов
Богд анд минь юу эндэх» хэмээн өгүүлвээс, Жамухын тэр үгэнд Чингис хаан зарлиг болруун: «Тус хан эзэндээ гар хүргэсэн хүнийг хэрхэн байлгана? Тийм хүн хэнтэй нөхөрлөнө? Тус хан эзэндээ гар хүргэсэн ардыг ургийн урагт нь хүртэл мөхрүүлэгтүн (тонилгогтун)!» хэмээн зарлиг болов. Мөн Жамухын өмнө түүнийг гардаж барьсан хүнийг мөхрүүлж (тонилгож) өгөв.
Өрөөсөн арал бололцож байваас
Өвөрмөцлөн хагацан сэтгэмүү, чи
Эдүгээ нэгэнтээ хамт ажгуу.
Умартсанаа дурдалцаж
Унтарснаа сэргээлцэе.
Өөрөөр ангид явсан ч
Өлзий хутагт анд минь бүлгээ.
Үнэн үхэлдэн тэмцэхүй өдөр
Өр зүрхээ өвтгөх бүлгээ, чи.
Ангид өөрөөр явавч
Алалдан тэмцэхүй өдөр
Уушиг зүрхээ өвтгөх бүлгээ, чи.
Хэзээ хэрхсэнийг хэлбэл
Хэрэйд иргэн лүгээ
Хар халзан элстэд
Хатгалдан байлдахуйд
Ван хан эцэгт өгүүлсэн
Үгсээрээ сэрүүлж
Илгээсэн тус чинь буй за
Бас Найман иргэнийг
Үгээр үхүүлж
Амаар алж
Айлгаснаа адилтгатугай хэмээж хэл илгээсэн чинь тус болов» хэмээн
201. өгүүлбээс Жамуха өгүүлрүүн: «Эрт өдөр өчүүхэн багын цагт Хорхонаг жубурт хан анд лугаа анд бололцоход
Идээг идэлцэж
Үл умартах
Үгс өгүүлэлдэж
Хөнжлөө хагаслан
Нөмөрч явлаа
Хоноглож байлаа
Хөндлөнгийн хүнд хөгжөөгдөж
Хажуугийн хүнд хатгагдаж
Хагацан салж
Халтай үгс
Өгүүлэлдлээ хэмээн
Хар нүүрээ хуулагдахаас
Халдан ядаж
Хан андынхаа
Халуун царайг
Харан ядаж явав аа, би
Үл умартах үгс
Өгүүлэлдлээ хэмээн
Улаан нүүрээ
Өвчигдөхөөс
Уужим сэтгэлт андынхаа
Үнэн царайг
Үзэн ядаж явав аа, би
Эдүгээ хан анд минь соёрхож, намайг нөхөрлөе хэмээжээ. Нөхөрлөх цагт эс нөхөрлөв би. Эдүгээ анд
Төгрөг улсыг
Төвшитгөв.
Харь тутмыг
Хамтатгав, чи
Хан ор
Чамд зорив
Дэлхий эдүгээ бэлэн болсон хойно би нөхөрлөж юун тус болно.
Мөн андын
Харанхуй шөнө
Зүүдэнд чинь орох, би
Гэгээн өдөр
Сэтгэлийг чинь зовоох, би
Захын чинь бөөс
Заамны чинь өргөс болно, би
Арвин их гэмтэй бүлгээ, би
Андаас алсыг сэтгэх болон
Алдас болов оо, би
Эдүгээ энэ төрөлхийд анд хоёр ургах нарнаас шингэх наран дор хүртэл нэр минь хүрэв зэ. Анд сэцэн эхтэй, төрөлхийн хүлэр баатар төржээ. Эрдэмтэн дүү нар, өрлөг нөхдөөрөө, далан гурван агтаараа болж, андад ялагдав. Би бол:
Өчүүхэн хоцорч
Дүү нар ч үгүй
Эм минь домогч (чалчаа)
Итгэл үгүй нөхөдтэй
Түүнээс болж
Тэнгэрээс заяат андад ялагдвай
Анд соёрхвоос, намайг үтэр нас нөгчөөвөөс, анд чи зүрхээ амруулмуу. Анд соёрхон, алуулахдаа цус үл гарган алуул!
Үхэж хэвтвээс
Үхдэл яс минь
Өндөр этүгэнд (газарт)
Үүрд мөнхжиж
Ургийн урагт чинь хүртэл
Ивээж өгье хэмээж
Ерөөл болгоё, би
Уг өөр төрөлхийт бүлгээ, би
Үлэмж төрөлхийт андын
Сүр сүлдэнд дарагдав, би
Өгүүлсэн үгсийг минь
Үл умартан
Өглөө үдэш дурсаж
Өгүүлэлдэгтүн, та нар
Эдүгээ намайг үтэрлэтүгэй» хэмээн өгүүлбээс эдгээр үгст нь Чингис хаан өгүүлрүүн:
«Анд минь
Ангид явж бидэнд
Ам дүүрэн хэлж байвч
Аминд хор сэтгэх нь
Эс сонсдов зэ.
Суртах (засагдах) хүмүүн бүлгээ. Мөн үл болмуй. Үхүүлье хэмээвээс бэлгэ төлөгт үл ормуу. Шалтгаан үгүй аминд хор хийвээс үл зохино. Хүнд мөртэй (дээд язгууртай) хүмүүн буй. Энэ магад шалтгааныг нь өгүүлэгтүн. Эрт Жөчи Дармала Тайчар хоёрын адуугаа дээрэмдэлцсэний тул Жамуха анд чи буруу санаа өвөрлөн ирж, Далан балжудад хатгалдаж, Жэрэнэ хавцгайд хоргоож, намайг тэнд айлгасан бус уу чи? Эдүгээ нөхөрлөе гэвээс үл болж, амийг чинь хайрлавч эс болов, чи хэмээн өгүүлэгтүн. Эдүгээ чиний үгээр цус үл гарган нөгчөөтүгэй хэмээн өгүүл!» хэмээгээд «Цус үл гарган нөгчөөж, ясыг нь ил бүү хаягтун Сайтар баригтун (оршуулантун)!» хэмээн зарлиг болов. Жамухыг тэнд нөгчөөж, ясыг нь бариулав.
202. Төдий эсгий туургат улсыг шулуутгаж, (нэгтгэж) бас жил (1206) Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан туг байгуулаад, Чингис хаанд хан цол тэнд өгөв. Мухалид гүй ван (улсын ван) цол бас тэнд өгөв. Зэбийг Найманы Хүчүлүг ханыг нэхүүлж, тэнд мордуулав.
Монголжин улсыг түвшитгөн барж, Чингис хаан зарлиг болруун: «Улс байгуулалцан явагсдад мянган мянгалж, мянгадын ноёд түшиж, соёрхол үг өүүлье» хэмээн зарлиг болов. Мянгадын ноёдыг түшин нэрийдэхэд: Мөнлиг эцэг, Боорчу, Мухали гүй ван, Хорчи, Илүгэй, Жүрчидэй, Гунан, Хубилай, Зэлмэ, Түгэ, Дэгэй, Толун, Өнгүр, Чүлгэдэй, Борохул, Шигихутуг, Хүчү, Хөхөчү, Хоргосун, Үсүн, Хуйлдар, Шилүгэй, Жэтэй, Тагай, Цагаан-Ува, Алаг, Сорхон шар, Булуган, Харачар, Хөхөчөс, Сүйхэтү, Наяа, Жиншэй, Хүчүгүр, Бала, Оронардай, Дайр, Мүгэ, Бужир, Мүнгүүр, Долоодай, Бөгэн, Худус, Марал, Жибгэ, Юрухан, Хөхө, Жэбэ, Удудай, Бала чэрби, Хэтэ, Сүбэгээдэй, Мөнх, Халжа, Хурчахус, Гэүги, Бадай, Хишилиг, Хэтэй, Чагурхай, Онгиран, Тогоон төмөр, Мэгэтү, Хадаан, Мороха, Дори-Буха, Идүгадай, Ширахуй, Даун, Тамачи, Хагуран, Алчи, Тобсаха, Тунхуйдай, Тобуха, Ажинай, Түйдэгэр, Сэчүүр, Жэдэр, Олар хүргэн, Хингияадай, Буха хүргэн, Хорил, Ашиг хүргэн, Хадай хүргэн, Чигү хүргэн, Алчи хүргэн, гурван мянган Хонгирад Буту хүргэн, хоёр мянгад Ихэрэс, Онгудын Алахуш дигид хури хүргэн, таван мянгад Онгуд ойн иргэнээс ангид Монгол улсын мянгадын ноёдыг Чингис хааны нэрийдсэн ерэн таван мянгадын ноёд болов.
203. Хүргэдэд нэгэнтээ бас Чингис хаан зарлиг болруун: Эдгээр нэрийдсэн ерэн таван мянгадын ноёдыг мянган түшихүйд тэр дотор Чингис хаан зарлиг болруун: «Тус бологсдодоо соёрхол өгье» хэмээн Боорчу, Мухали тэргүүтэн ноёдыг иртүгэй хэмээхүйд гэрт Шигихутуг байсан бүлгээ. «Урихаар од!» хэмээн Шигихутугт өгүүлвээс Шигихутуг өгүүлрүүн: «Боорчу, Мухалитан хэнээс илүү тус хийлээ? Хэнээс илүү хүч өглөө? Соёрхол өгөхүйд би юун дутуу тус эс боллоо? Юун дутуу хүч эс өглөө, би?
Өндөр босгонд чинь
Эрүүндээ сахал
Өдий ургатал өсч
Өөрийг эс сэтгэв, би
Аландаа шээгтэйгээс
Алтан босгонд чинь байж
Амандаа сахал
Өдий ургатал өсч
Эндүү эс гишгэв ээ, би
Хөлдөө хэвтүүлж
Хүүчлэн өсгөв өө, намайг
Дэргэдээ хэвтүүлж
Дүүчлэн өсгөв өө намайг
Үзэх нүд
Сонсох чих болж
Эхэд, бидэнд, дүү нарт, хөвүүдэд гүр улсыг хувь иргэний нэрээр
Эсгий туургатныг
Эвдүүлж
Хавтсан үүдтэнийг
Хагацуулж
Хувилж өг
Хэн чи чиний үгүийг буруу бүү бол-готугай!» хэмээн зарлиг болов. Бас Шигихутугийг
«Гүр улсын
Хулгайг гэсгээж
Худлыг мохоож
Гэмтэн зэмтнийг
Гэсгээ
Алдалтан буруутныг
Алдуул!» хэмээн гүр улсын дээд заргачаар (шүүгч) түшив.
Бас «Гүр иргэний хувь хувилсныг, зарга заргалсныг, хөх дэвтэрт бичиг бичиж, дэвтэрлэж, ургийн урагт хүртэл Шигихутугийн надтай зөвшиж ёслож, хөх бичиг цагаан цаасанд дэвтэрлэснийг бүү егүүтэгтүгэй. Егүүтгэх хүмүүн алдалдан болтугай» хэмээн зарлиг болов. Шигихутуг өгүүлрүүн: «Миний мэт орч (өргөмөл) дүү эн сацуу хувь хэрхэн авна. Соёрхвоос, шороон хэрэмт балгаснаас өгөхийг хааны соёрхол мэдтүгэй!» хэмээн өчжээ. Энэ үгэнд «Өөрийн биеэ чи цаглав. Чи мэд» хэмээв. Шигихутуг өөрөө тийн соёрхуулан барж гарч, Боорчу, Мухалитан ноёдыг урьж оруулжээ.
«Төрөхөд төрөлцсөн
Өсөхөд өсөлцсөн
Өлзий хутагт чи
Хийсан тус ивээл чинь
Хэдүй их ажгуу, зэ.
Тэр дотор Ван хан эцэг Сэнгүм анд хоёр намайг аргадан урьсанд, ирэх зуураа Мөнлиг эцгийн гэрт хоновоос, Мөнлиг эцэг чи эс ятгасан бөгөөс
Уйллан бүхүй усанд
Улалзан бүхүй галд
Оруулах бүлгээ, тэд
Тэр тусыг сая санаж, ургийн урагт хүртэл умартагдах? Тэр тусыг санаж, эдүгээ энэ эрхэм суудалд суургаж, он сар бүхийд саатаж, өглөг соёрхол чамд өгье. Ургийн урагт хүртэл мялаан атугай» хэмээн зарлиг болов.
205. Бас Чингис хаан Боорчуд өгүүлрүүн: «Өчүүхэн цагт шарга агттан найман морьд дээрэмдүүлж, зам зуур гурав хонож, нэхэж явахад минь золголдов оо. Чи тэнд өгүүлрүүн: «Мэндэж яваа нөхөрт нөхөрлөе» хэмээн гэртээ эцэгтээ хэл өгөлгүй, гүүгээ саан байхдаа, намбуга суулгаа хээр бүрхэж, миний оготор хонгорыг тавиулж, надад орог шунхлыг унуулж, чи өөрөө хурдан хувийг унаж, адуугаа эзэнгүй тавьж, яарч, хээрээс надтай нөхөрлөж, бас гурван хоног нэхэж, шарга агттаныг дээрэмдсэн хүрээнд хүрвээс, хүрээний захал байсныг үлдэн хөөж, дутаан авч ирэв ээ, бид хоёр. Эцэг чинь Наху баян ажгуу. Чи ганц хөвүүн нь юу мэдэж надтай нөхөрлөх бүлгээ Сэтгэлийн хүлгээр нөхөрлөв зэ чи. Түүний хойно санаж явсаар би Бэлгүдэйг илгээн нөхөрлөе гэвээс чи
Бөгтөр хонгорыг унаж
Бор өрмөгөө бөгтөрч нөхөрлөн ирвээс гурван Мэргид бидэн рүү ирж Бурхан Халдуныг гурвантаа бүслүүлэхэд хамт бүслэгдэв зэ, чи. Бас түүний хойно Татаар иргэнтэй Далан нөмөргэст шүтэлдэн хоновоос, хур өдөр шөнө үргэлжлэн зүсрэхэд шөнө намайг нойр автугай хэмээн нөмрөгөө нөмөрсөөр миний дээрээс хур үл цутгуулан шөнө турш байхдаа өрөөсөн хөлөө ганцхан удаа сольж билээ, чи. Хүлэг баатрын чинь бэлэг ажгуу, зэ. Түүнээс бусад аль хүлэг баатрыг чинь өгүүлж дуусна.
Боорчу Мухали хоёр зөв явдлыг минь зүтгүүлж, бурууг минь буцтал ятгаж, энэ оронд хүргэв. Эдүгээ бүхний дээр сууринд сууж, есөн алдалд бүү эндтүгэй. Боорчу баруун гарын Алтай дэрлэн нутаглах түмнийг мэдтүгэй» хэмээн зарлиг болов.
206. Бас Мухалид Чингис хаан өгүүлрүүн: «Бид Хорхонаг жубурын Хутула ханы дэвсэх саглагар модонд бууваас, Мухалид тэнгэрийн заарин заасан үг тэмдгийн тул, би тэнд чиний эцэг Хүмүн гоог санаж Мухалитай үг барилдлаа. Түүгээр суурь дээр сууж, Мухалийн ургийн урагт хүртэл гүр иргэний гүй ван болтугай» хэмээн гүй ван цол олгов. «Гүй ван Мухали зүүн гарын Харагтун жидүнийг дэрлэн нутаглах түмнийг мэдтүгэй» хэмээн зарлиг болов.
Өчүүхэн бүхүйгээс
Өдий болтол
Нойтонд норолцож
Хүйтэнд хөрөлцөж
Хутаг буян болж явав зэ, чи.
Хорчи тэр цагт өгүүлрүүн: «Зөн билиг зөв болбоос, тэнгэрт таалагдаж санаанд хүрвээс намайг гучин эмстэй болго хэмээлээ, чи. Эдүгээ зөв болсон тул соёрхож, эдгээр дагаж орсон иргэний сайн эмс, сайхан охидыг үзэж, гучин эмс сонгож ав» хэмээн зарлиг болов. Бас «Хорчи гурван мянган Баарины дээр Тагай Ашиг хоёр дугаа Адархины Чинос, Төөлөс Тэлэнгүүдийг нэмж, түм дүүргэж, Хорчи мэдэж, Эрчис мөрний зам гудас ойн иргэнд хүртэл нутаг дархлан нутаглаж, ойн иргэнийг даргалан, Хорчи түмнийг мэдтүгэй» хэмээн зарлиг болов.
«Хорчи эегүй ойн иргэн ийн тийн бүү явтугай Эегүй явахыг юунд сааруулна!» хэмээн зарлиг болов.
208. Бас Чингис хаан Жүрчидэйд өгүүлрүүн: «Эрхэм тус чинь Хэрэйдтэй Хар халзан элстэд хатгалдахуйд зовнин бүхүйд Хуйлдар анд ам гаран андгайлсан ч чухам үйлийг нь Жүрчидэй чи үйлдэв зэ. Үйлдэхдээ Жүрчидэй чи довтолж Жирхинийг, Түбэгэнийг, Донхайдыг, Хори шилэмүнийг, мянган турхагуудыг, эрхин цэргүүдийг бүгдийг дарж, их гол хүчинд хүрч, Сэнгүмийн энгэсэг хацрыг учмаг (нисгэгс сум)-аар харвасны тул мөнх тэнгэрт ивээгдэх үүдэн жолоо нээгдэв зэ. Сэнгүмийг эс шархтуулсан бөгөөс бид магад ямар болох бүлгээ? Жүрчидэйн эрхэм их тус тэр болов. Тийн салж, Халх гол руу нүүхдээ, Жүрчидэйг өндөр уулын нөмөр мэт санаж явах бүлгээ би. Тэр одож Балжун нуурт ундлахаар хүрэв. Жич Балжун нуураас морилохдоо, Жүрчидэйг Хэрэйдэд магнайлан мордуулж, тэнгэр газарт хүч нэмэгдэж, Хэрэйд иргэнийг мохоон дагуулив. Эрхин улс цохигдож, Найман, Мэргил царай алдан, байлдаж ядан бусницгаав. Мэргид, Найманыг бусних хооронд Хэрэйдийн Жаха гамбу хоёр охидоороо шалтаглаж, өөрийн харьяат улсаа цөмийг эзэмшиж байсан ажгуу. Нөгөөтөө дайсан болон хагацсаныг Жүрчидэй одож арга сэдэж, Жаха гамбу хагацан салсныг гардаж барьж, бүтээв (бүтээж тонилгов). Тэр Жаха гамбугийн улсыг нөгөөтөө үлдэн талав. Жүрчидэйн нөгөө тус нь энэ буй за»
Амиа үрэн орсны тул
Үхэлдэхүй өдөр
Өлөмлөн зүтгэсний тул
Чингис хаан Ибаха бэхийг Жүрчидэйд соёрхон өгөхдөө Ибахад өгүүлрүүн:
«Чамайг
Ухаан санааг чинь голоогүй
Үзэсгэлэн гоог чинь чамлаагүй, би
Өдөр түрийд орсон
Зэрэгтээ
Зэрэглэн буулгасан чамайг
Жүрчидэйд соёрхохдоо
Их төрийг санаж
Жүрчидэйн
Хатгалдах өдөр
Халх болсныг
Дайсан хүмүүнд
Далдлагч болсныг
Хагацсан улсыг
Хамтатгасны
Бутарсан улсыг
Бүрэн болгосны тусынх нь төрийн үйлийг санаж чамайг өгөв.
Мөнөө хойно миний ураг бидний ор сууж, энэ мэт тус хийсэн ёс төрийг санаж, миний үгийг бус үл болгон, ургийн урагт хүртэл, Ибахагийн ор бүү таслатугай» хэмээн зарлиг болов. Бас Чингис хаан Ибахад өгүүлрүүн: «Жаха гамбу эцэг чинь чамд хоёр зуун инж бас чамд Ашиг төмөр буурч Алчиг буурч хоёрыг өгч бүлгээ. Эдүгээ Уругууд иргэнд чи одохдоо, гэрээс болгон инжээс надад Ашиг төмөр буурчаа нэг зуун хүнтэй өгч од» хэмээж авав. Бас Чингис хаан Жүрчидэйд өгүүлрүүн: «Ибахагаа чамд өгөв. Дөрвөн мянган Уругуудаа чи мэдэж байх бус уу чи» хэмээн соёрхож зарлиг болов.
Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдсэн.
Comments
Post a Comment