Монголын нууц товчоо (115~126)
ГУРАВДУГААР БӨЛӨГ (115~126) 115. Тэмүжин, Тоорил хан, Жамуха гурав хамтарч, Мэргидийн Цорган¹ гэрийг нь цоолуулж Цогтой эмийг нь олзолж Орхон Сэлэнгэ хоёрын Талхун арлаас буцахдаа, Тэмүжин Жамуха хоёр хамтдаж, Хорхонаг жубурыг зорин эргэв. Тоорил хан буцахдаа, Бурхан халдуны араар Өхөртү жубур дайран, Гацуурт сүбчид, Улиастай сүбчид дайран, ан гөрөө авласаар Туулын Хар түнийг зорин эргэв. 116. Тэмүжин Жамуха хоёр Хорхонаг жубурт нийлэн бууж, эртний анд бололцсоноо дурдалдан, андаа бататгаж нөхөрлөе хэмээлдэв. Анх урьд анд бололцоход, Тэмүжин арван нэгэн настай байхад Жамуха гурын шагай Тэмүжинд өгч, Тэмүжин цутгамал шагай арилжиж, анд бололцож, анд хэмээлдсэн Ононы мөсөнд шагалцахуйд тэнд анд хэмээлдлээ. Түүний хойт хавар алангир нумаар харвалдан бүхүйд Жамуха бярууны хоёр эвэр нааж, нүхлэж хийсэн дуут сумаа Тэмүжинд өгч, Тэмүжиний арц модон толгойт годилтой ...