Монголын нууц товчоо (104~114)

 ГУРАВДУГААР БӨЛӨГ (104~114)

104. Тийн хэлж, Тэмүжин, Хасар, Бэлгүдэй гурав Хэрэйдийн Тоорил Ван ханд Туул мөрний Хар түнээ нутаглаж бүхүйд очиж, өгүүлрүүн: «Гурван Мэргид гэнэн бүхүйд ирж, эм хөвүүгээ дагуулин автав. Хан эцэг минь! Эм хөвүүг аварч өгтүгэй хэмээн ирэв, бид» хэмээв. Тэр үгийн хариуд Тоорил Ван хан өгүүлрүүн: «Би ноднин чамд эс өгүүлсэн бус уу? Булган дах над авч ирэхдээ, эцгийн цагийн анд хэмээлдсэн эцэг мэт буй за» хэмээн өмсүүлэхэд, би тэнд өгүүлрүүн:

        «Булган дахын хариу
        Бутарсан улсыг чинь
        Бүрдүүлж өгсү. 
        Хар булган дахын хариу
        Хагацсан улсыг чинь
        Хамтатгаж өгсү. 
        Цээр нь цээжинд атугай
        Бөөр нь бөгсөнд атугай гэж
        Эс хэлсэн бус уу, би?
        Эдүгээ тэр үгэндээ хүрч
        Булган дахын чинь хариуд
        Бүгд Мэргидийг бүрэлгэж
        Бөртэ үжинийг чинь
        Аварч өгсү, би
        Хар булган дахын хариуд
        Хамаг Мэргидийг хальтчиж
        Хатан Бөртийг чинь
        Хариулж авч ирье бид.
    Чи Жамуха дүүд хэл хүргэж илгээ. Жамуха дүү Хорхонаг жубурт буй. Би эндээс хоёр түмэн цэрэгтэй морилж, баруун гар болъё. Жамуха дүү хоёр түмийг авч, зүүн гар болон морилтугай. Бидний болзоо Жамухаас болох болтугай» хэмээв. 

105. Тэмүжин, Хасар, Бэлгүдэй гурав Тоорил ханыхаас гэртээ харьж ирж, Тэмүжин Жамухад, Хасар Бэлгүдэй хоёрыг илгээхүйд, «Жамуха андад өгүүл» хэмээн хэлж явуулахдаа: 

        «Гурван Мэргид ирж
        Ороо хоосон болгуулав, би
        Өнөх нэгэнтэн бус уу, бид
        Өслөө хэрхэн өшнө
        Өврөө эмтлүүлэв, би
        Элгэн ураг бус уу, бид
        Өслөө хэрхэн авна, бид?» хэмээж илгээв. 
    Жамуха андад хэлж илгээсэн үг ийм. Бас Хэрэйдын Тоорил ханы өгүүлсэн үгсийг Жамухад хэлж илгээхдээ: «Эрт өдөр Есүхэй хан эцэг минь сайн тус хүргэснийг санаж, би нөхөрлөж, хоёр түмэн цэрэг авч, баруун гар болон морилъё. Жамуха дүүд хэлж илгээ. Жамуха дүү хоёр түмэн цэрэг авч морилтугай. Уулзах болзоо Жамуха дүүгээс болох болтугай» хэмээв. 
Эдгээр үгсийг дуусган барж, Жамуха өгүүлрүүн:
        «Тэмүжин андын
        Орыг нь хоослов хэмээн мэдэж
        Өр минь өвдөв.
        Өврийг нь эмтлэв хэмээн мэдэж
        Элэг минь өвдөв.
        Өслөө өшин
        Удуйд, Увас мэргидийг үлитгэж (тонилгох)
        Үжин Бөртэ юүгээн аваръя!
        Хорсол заналаа аван 
        Хамаг Хаад мэргидийг хальтчиж
        Хатан Бөртэ юүгээн хариулан аваръя!
        Эдүгээ тэд
        Гөлөм давирахуйд
        Хэнгэрэгийн дуу болгож
        Буруулан дутаагч Тогтога
        Буур хээрт буй за.
        Тавчит хоромсого дарвалзахуйд
        Дайжигч Дайр усун эдүгээ
        Орхон Сэлэнгэ хоёрын зуур
        Талхун аралд буй за.
        Хамхуул өвс хийсэхүйд
        Хар ой тэмцэн дутаагч
        Хаатай дармала эдүгээ
        Харажи хээрт буй за.
        Эдүгээ бид дөтлөн
        Хилго мөрнийг огтлон
        Сахал өвс их атугай
        Сал уяж оръё.
        Өнөөх хөхдөг (хөөрдөг) Тогтогагийн
        Өрхөн дээр нь бууж
        Эрхин үүдийг нь 
        Өм дайрч
        Эмс охидыг нь
        Эцэслэн уулгалъя!
        Хутаг үүдийг нь 
        Хуга дайрч
        Хотол улсыг нь 
        Хоослон уулгалъя!»

106. Жамуха бас өгүүлрүүн: «Тэмүжин анд Тоорил хан ах хоёрт өгүүл» хэмээн илгээхдээ: 
        «Би болвоос
        Хараат тугаа сацав, би
        Хар бухын арьсаар бүрсэн
        Бүрхрэн бүхүй дуут хэнгэрэгээ дэлдэв, би
        Хар хурднаа унав, би
        Хатанги дээлээ өмсөв, би
        Хатан жадаа барив, би
        Хатгуурст сумаа онилов, би 
        Хаад мэргидэд
        Хатгалдан морилох буюу хэмээн өгүүл.
        Урт хараат тугаа сацав, би
        Үхрийн арьсаар бүрсэн
        Өтгөн дуут хэнгэрэгээ дэлдэв, би
        Орог хурднаа унав, би
        Үдээст хуягаа өмсөв, би
        Онгит илдээ барив, би
        Ончит сумаа онилов, би
        Удуйд мэргидтэй
        Үхэлдэн тэмцэлдэх буюу хэмээн өгүүл. 
    Тоорил хан ах морилохдоо, Бурхан халдуны өврөөр, Тэмүжин андыг дайрч ирж, Онон мөрний эх Ботохан бооржид болзолдъё. Эндээс Онон мөрөн өөд мордож, энд буй андын (Тэмүжиний) улсаас нэгэн түм, би эндээс нэгэн түмийг авч, хоёр түм болж, Онон мөрөн өөд одож, Ботохан бооржид болзоот газраа нийлэлдье» хэмээн өгүүлж илгээв. 

107. Жамухын эдгээр үгсийг Хасар Бэлгүдэй хоёр ирж, Тэмүжинээ өгүүлж, Тоорил ханд хэл хүргэв. Тоорил хан Жамухын эдгээр үгсийг дуулаад, хоёр түмэн цэрэг авч морилов. Тоорил хан морилохдоо, Бурхан халдуны өвөр Хэрлэний Бүрги эрэг зорин айсуй хэмээн, Тэмүжин Бүрги эрэгт байх тул мөрт буй хэмээн тэндээс хөдөлж, Түнхэлиг өөд нүүж, Тана горхиноо Бурхан халдуны өвөрж бууж, Тэмүжин тэндээс цэрэг үүсгэж, Тоорил хан нэг түм, Тоорил ханы хүү Жаха гамбу нэг түм, бүгд хоёр түмэн цэрэгтэй Химурга горхины Айл харганад бууж бүхүйд нийлэн буув. 

108. Тэмүжин, Тоорил хан, Жаха гамбу гурав хамтарч, тэндээс хөдөлж, Онон мөрний эх Ботохан бооржид хүрвээс, Жамуха болзоол газраа гурван өдрийн урьд хүрч иржээ. Жамуха эд Тэмүжин, Тоорил, Жаха гамбу нарын цэргийг үзээд, Жамуха хоёр түмэн цэрэг засч байжээ. Тэмүжин, Тоорил хан, Жаха гамбутан эд нар бас цэргээ засаад, хүрэлцэн ирж, харилцан танилцав. Жамуха өгүүлрүүн: 

        «Бороотой боловч
        Болзоондоо
        Хуртай боловч
        Хуралдаа бүү хожидъё хэмээн эс хэлэлцсэн бус уу, бид?
        Монголчууд «За» андгайтан бус уу?
        «Зээ»-гээс хожидсоныг
        Зэргээс гаргая хэмээлдлээ» гэв.
    Жамухын үгний хариуд Тоорил хан өгүүлрүүн: «Болзоол газраа гурван өдөр хожимдов хэмээн буруутгах, зэмлэхийг Жамуха дүү мэдтүгэй» хэмээв. Болзоолын зэмийг ийн өгүүлэлдэв. 

109. Ботохан бооржоос хөдөлж, Хилго мөрнөө хүрч, сал уяж гэтлээд, Буур хээрт Тогтога бэхийн өрх дээрээс

        Эрхэн үүдийг нь 
        Өм дайран орж
        Эмс хүүхдийг нь
        Эцэслэтэл дагуулив.
        Хутаг үүдийг нь
        Хуга дайрч
        Хотол улсыг нь 
        Хохиртол дагуулив.
    Тогтога бэхийг унтаж байхад нь хүрэх атал Хилго мөрнөө байсан загасчин, булгачин, гөрөөчин «Дайн айсуй» хэмээн тэр шөнөдөө хэл хүргэн очжээ. Тэрхүү хэл хүргүүлээд, Тогтога Увас мэргидийн Дайр усун хоёр хамтарч, Сэлэнгэ рүү Баргужин оронд цөөн биеэр дутааж буруулжухуй. 

110. Мэргидийн улс Сэлэнгэ рүү шөнө дүрвэж явахуйд, бидний цэргүүд дүрвэж явах Мэргидийг тэр шөнө нэхэн дарж, талж явахуйд Тэмүжин дүрвэж явах иргэдийн дотор «Бөртэ! Бөртэ!» хэмээн дуудаж явсаар учирчээ. Бөртэ үжин тэр дүрвэж явсан иргэдийн дотор байжухуй. Тэр Тэмүжиний дууг сонсч таниад, тэргэнээс бууж гүйж ирж, Бөртэ үжин Хоогчин хоёр Тэмүжинийг шөнө таньж, жолоо цулбуурыг нь барьж авав. Шөнө саруул бүлгээ. Үзмэгц Бөртэ үжинийг таньж, тэврэлдэн золголдов. Тэндээс Тэмүжин, Тоорил хан Жамуха анд хоёрт мөн шөнөдөө хэл хүргэж, илгээрүүн: «Эрсэн хэргээ олов, би. Шөнө бүү тулалдъя. Эндээ бууя, бид» хэмээн илгээв. Мэргидийн улс дүрвэж явахдаа, шөнө сандарч айсуй зуур мөн тэндээ бууж хонов. Бөртэ үжинтэй тийн золголдож, Мэргид иргэнээс аварсан ёсон ийм. 

111. Түрүүн урьд Удуйд мэргидийн Тогтога бэхи, Увас мэргидийн Дайр усун, Хаатай дармала эд гурван Мэргид гурван зуун хүнийг дагуулж, эрт өдөр Тогтога бэхийн дүү Их чилэдүгээс Есүхэй баатар Өгэлүн эхийг булааж авав хэмээн түүний өсийг авахаар оджээ. Тэмүжинийг эрж, Бурхан халдуныг гурвантаа тойрч эрэхэд, Бөртэ үжинийг тэнд олзолж, Чилэдүгийн дүү Чилэгэр бөхөд асруулсан ажээ. Тэр асарч байсан Чилэгэр бөх дайжин гарахдаа өгүүлрүүн: 

        «Хар хэрээ
        Хальс хөрс идэх заяатай бөгөөтөл
        Галуу, тогоруут идсү хэмээн санах ажгуу. 
        Хатиар муу Чилэгэр би
        Хатан Үжин халдаж
        Хамаг Мэргидэд зовлон болгов. 
        Харц муу Чилгэр
        Хар толгойдоо хүрэх болов. 
        Ганцхан амиа хоргоон
        Харанхуй хавцалд шургасу. 
        Халх хэнээр болгоно, би
        Хулд муу шувуу 
        Хулгана, хүчгэнэ идэх заяатай бөгөөтөл
        Хун, тогоруут идсү хэмээн санаархах ажгуу.
        Хунар¹ муу Чилгэр би
        Хутагтай, суутай Үжинийг 
        Хурааж авч ирээд
        Хотол Мэргидэд зовлон болгов.
        Хохир муу Чилгэр би
        Хохимой толгойдоо хүрэх болов.
        Хорголын төдий амиа хоргоон
        Хар харанхуй хавцалд шургасу
        Хорголын төдий аминд минь
        Хороо хэнээр болгоно, би» хэмээгээд дайжин дутаажээ. 


112. Хаатай дармалаг олзлон авчирч
        Хавтсан бугуу өмсгөж
        Халдун бурханаа зориулав.

Бэлгүдэйн эх тэнд айлд буй хэмээн заалгаж, Бэлгүдэй эх юүгээн авахаар одож, гэрт нь хүрч, тэр бээр баруун үүдээр орохуй лугаа эх нь навтархай нэхий дээлтэй зүүн үүдээр гараад, гадна бусад хүмүүст өгүүлрүүн: «Хөвүүдийг минь хаад боллоо хэмээлдмүү. Би энд муу хүнд нөгцөж, эдүгээ хөвүүдийнхээ нүүрийг хэрхэн харах?» хэмээгээд гүйж, ой шугуйд шурган оржээ. Төдий эрсэн ч эс олдлоо. Бэлгүдэй ноён Мэргид яст хүнийг үзмэгц, «Эхийг минь авчир!» хэмээн харвах бүлгээ. Бурхан халдуныг тойрч ээрсэн гурван зуун Мэргидийг

        Ургийн урагт хүртэл
        Үнсээр хийстэл хядав. 
        Үлдсэн эмс хүүхдийг нь
        Өвөртлөх мэтсийг нь өвөртлөв. 
        Үүдэндээ оруулах мэтсийг нь
        Үүдэндээ оруулж зарцлав. 

113. Тоорил хан Жамуха хоёрыг Тэмүжин бишрэн өгүүлрүүн: «Хан эцэг Жамуха анд хоёртой нөхөрлөж, тэнгэр газарт хүч нэмэгдэж:

        Эрхэт тэнгэрт нэрийдэж
        Эх этүгэнээ хүргэж
        Эрийн өшөөт Мэргид иргэнийг
        Өврийг нь хоосон болгов.
        Элгийг нь эмтлэв, бид
        Орыг нь хоосон болгов.
        Ураг элгэнийг нь устгав, бид
        Үлдэж хоцорсоныг нь хураав, бид
        Мэргид иргэнийг төдий бусниулан дайлаад, буцъя» хэмээлдэв.

114. Удуйд мэргидийг дүрвэхэд, булган малгайт, марлын годон гуталт, жарх (илэг) усны булга (халиу) хоёрыг зүйсэн дээлтэй таван настай Хүчү нэрт нүдэндээ галт хөвүүнийг бидний цэргүүд нутагт хоцорсныг олж авчирч, Өгэлүн эхэд бэлэг хэмээн өгөв. 


        ¹ Хараалын үг


Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдсэн.

Монголын түүх ямар ч Монгол хүнд ойрхон байх ёстоай гэсэн үүднээс Монголын Нууц Товчоог хэсэгчлэн оруулаад байгаа билээ. 

Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (191~197)

Монголын нууц товчоо (198~208)