Монголын нууц товчоо (170~185)

 ЗУРГАДУГААР БӨЛӨГ (170~185)


170. Тийн өгүүлсэнд, Чингис хаан Бадай Хишилиг хоёрын үгэнд итгэж, тэр шөнөдөө дэргэдэх бүх итгэлтэй хүмүүстээ хэл өгөөд, хөнгөлөн юм хүмээ орхиж, буруулан мөн шөнө хөдлөв. Мау өндөрийн араар хөдлөхдөө, Мау өндөрийн ард Урианхадай Зэлмэ гоог итгэж, хойноо цагдуул болгон, харуул тавьж хөдлөв. Тэр хөдөлсөн чигээрээ маргааш нь өдөр дунд нар хэвийлгэн_ Хар халзан элст хүрч, үдлэн буув. Үдлэж бүхүйд Алчидайн агт адуулсан, Чихидай Ядир зүйл зүйлийн өвс ногоонд агтаа адуулан явахуйд хойноос Мау өндөрийн өврөөр Улаан бургас дайран айсуй дайны тоосыг үзэж «Дайсан хүрч ирэв» хэмээж агтаа үдлэн хөөж ирж «Дайсан хүрч ирэв» хэмээхэд үзвээс, Мау өндөрөөр өврөөр Улаан бургас дайран тоос гарч «Ван хан тэр нэхэж айсуй ажгуу» хэмээж, тэндээс Чингис хаан тоос үзээд агтсаа бариулаад, ачаалж морилов. Төдий эс үзсэн бөгөөс, гэнэдэх бүлгээ. Тэр айсуй ирэгсдэд Жамуха Ван хантай хамт ирэлцэж явсан ажгуу. Тэнд Ван хан Жамухаас асуусан нь: «Тэмүжин хөвүүнд хатгалдаж чадах мэтэс хэн буй?» хэмээн асуухад Жамуха өгүүлрүүн: 

    «Тэнд Уругууд, Мангуд хэмээх иргэн буй. Тэр иргэн нь хатгалдмуу, за.
    Тойрохуй тутам
    Той (эмх цэгц) зохилдъюу
    Дэрлэхүй тутам
    Дэм зохилдъюу
    Өчүүхэн багаас
    Илд жаданд дадсан
    Иргэн тэд мөн.

    Харагчууд, алагчууд тугтан буй тэд. Сэрэмжлэх иргэн буй за» хэмээв. Тэр үгэнд Ван хан өгүүлрүүн: «Тийн бөгөөс бид тэдэнд Жирхин баатруудаа Хадагинаар удирдуулан Жирхин баатруудаа довтолгоё. Жирхиний араас (Нууц товчооны эхэд "гэзэг" гэсэн нэр томъёогоор гарна.) Түмэн түбэгэний Ачиг ширүнийг довтолгоё. Түбэгэний араас олон Донхайдын баатруудыг довтолгоё. Донхайдын араас Ван ханы мянган турхагийг удирдан Хори шилэмүн тайш довтолтугай. Мянган турхагуудын араас манай их гол хүч довтолтугай» хэмээжээ. Бас Ван хан өгүүлрүүн: «Жамуха дүү бидний цэргийг чи зас!» хэмээв. Жамуха тэр үгэнд өөр тийшээ салан гарч, нөхөддөө өгүүлрүүн: «Ван хан энэ цэргээ намайг зас хэмээв. Андтай (Тэмүжин) би хатгалдан ядан явлаа. Энэ цэргээ намайг зас хэмээмүй. Ван хан надаас хэтрэхгүй дорой бөгөөд цагт нөхөр (түр нөхөрлөх хүн) буюу. Андад хэл оруулъя. Анд хатуужтугай!» хэмээж Жамуха далдуур Чингис хаанд хэл оруулж өгүүлж илгээхдээ: «Ван хан надаас асуув. Тэмүжин хөвүүнд хатгалдаж чадах мэтэс хэн буй? хэмээн асууваас би өгүүлрүүн: «Уругууд, Мангудыг онцлон өгүүлэв, би. Миний үгэнд тэд Жирхинээ түрүүлж манлайлан засалдав. Жирхиний араас Түмэн түбэгэний Ачиг ширүнийг оруулъя хэмээлдэв. Түбэгэний араас олон Донхайдыг оруулъя хэмээлдэв. Донхайдын араас Ван ханы мянган турхагуудын ноён Хори Шилэмүн тайшийг оруулъя хэмээлдэв. Түүний араас мөн Ван ханы их гол цэрэг байсугай хэмээлдэв. Бас Ван хан өгүүлрүүн: «Жамуха дүү энэ цэргийг чи зас» хэмээн намайг түшин өгүүлмүү. Үүгээр ухваас, тэр цагт нөхөр буюу, цэргээ засч яаж чадна. Эрт цагт би анд чамтай хатгалдан ядаж явлаа. Ван хан надаас хэтрэхгүй дорой ажгуу. Анд бүү ай, хатуужтугай!» хэмээн илгээжээ.

171. Энэ хэлийг ирүүлээд Чингис хаан өгүүлрүүн: «Уругуудын Жүрчидэй эбин (Их авга гэсэн утгатай), Чи юу хэмээмүү? Чамайг манлайд явуулъя» хэмээв. Жүрчидэйг дуугарахын урьд Мангудын Хуйлдар сэцэн өгүүлрүүн: «Андын өмнөөс чи хатгалдъя. Мөнөө хойно өнчин хөвүүдийг минь асрахыг анд мэдтүгэй» хэмээв. Жүрчидэй өгүүлрүүн: «Чингис хааны өмнө бид Уругууд, Мангуд манлайлан хатгалдъя» хэмээжүхүй. Тэгээд Жүрчидэй Хуйлдар хоёр Уругууд, Мангудтайгаа Чингис хааны өмнө засч байв. Байлдахуй лугаа дайсан, Жирхинийг манлайлж хүрч ирэв. Ирэхийн хамт Уругууд, Мангуд эсрэг довтолж, Жирхинийг дарав. Дарж ирэхүйд Түмэн түбэгэний Ачиг ширүн довтлон оров. Довтолж, Ачиг ширүн Хуйлдарыг хатгаж мориноос буулгав. Мангуд, Хуйлдарын дээр ээрэгдэцгээв. Жүрчидэй Уругуудаараа довтолж Түмэн түбэгэнийг дарав. Дарж хөдөлгөж ирэхүйд олон Донхайд эсрэг довтлов. Жүрчидэй бас Донхайдыг дарав. Дарж ирэхүйд Хори шилэмүн тайш мянган турхагуудаараа довтлов. Жүрчидэй бас Хори шилэмүн тайшийг няцааж дарж ирэхүйд Ван ханаас зөвшил үгүй Сэнгүм эсрэг довтлохдоо энгэсэг хацраа харвуулж, Сэнгүм мөн тэндээ унажээ. Сэнгүмийг унахад Хэрэйд бүгдээр Сэнгүмийн дээр ээрэлдэж байв. Тэднийг дарж, шингэх наран гүвээн дээгүүр ташин бүхүйд, манай цэрэг эргэж шархдаж унасан Хуйлдарыг авч хариад, Чингис хаан Ван хантай хатгалдсан газраас зайлж, тэр үдэшдээ хөдөлж салж хонов. 

172. Тэгж хоноод, үүр гийлгэн, бүртгэвээс, Өгөдэй, Борохул, Боорчу гурав үгүй ажгуу. Чингис хаан өгүүлрүүн: «Өгөдэйтэй итгэлт Боорчу Борохул хоёр хоцорчээ. Амьд ч үхсэн ч юунд хагацах, тэд» хэмээв. Манайхан шөнө морьдоо барьж хонож, Чингис хаан өгүүлрүүн: «Хойноос биднийг нэхэж ирвээс, хатгалдъя» хэмээн цэргээ засч байв. Өдөр болгож үзвээс, хойноос нэг хүн айсуй. Хүрч ирвээс Боорчу ажгуу. Боорчуг хүрч ирүүлээд, Чингис хаан өгүүлрүүн: «Мөнх тэнгэр мэдтүгэй» хэмээж өвчүүгээ дарав. Боорчу өгүүлрүүн: «Довтлон явахуйд морио унатал харвуулж, явган гүйж явтал, мөн Хэрэйдүүд Сэнгүмийн дээр эгээрч байх хоор чөлөөнд ачаатай морь ачаагаа хөглүүлж байн бүхүйг ачааг нь огтолж, янгирцагтай нь унаж, гарч, манайхны салж гарсан мөрийг мөшгин явж, олж ирэв, би» хэмээв. 

173. Бас хоромхон атал бас нэгэн хүмүүн айсуй. Ирж явахад доор нь хөл унжилзаж байв. Үзвээс ганц хүмүүн мэт буюу. Хүрч ирвээс Өгөдэйн араас Борохул сундалж, амны завжаар цус цувруулж, хүрч ирэв. Өгөдэйн сужаа маханд нь сум тусч, цус нь бүлэгнэхэд Борохул амаараа шимж, бөглөрсөн цусыг завжаараа цувуулж ирэв. Чингис хаан үзэж, нүднээсээ нулимс цувруулж, сэтгэл алжаагаад, гал үтэр түлүүлж, шархыг халуун даагуулж (төөнөж), Өгөдэйд унд авчирч өгүүлж, дайсан ирвээс хатгалдъя хэмээж бүлгээ. Борохул өгүүлрүүн: «Дайсны тоос цаашаа Мау өндөрийн өврөөр Улаан бургасын зүгт тоос, уртад гарч цаашаа явав» хэмээв. Борохулын тэр үгэнд «Ирвээс хатгалдах болой. Дайсан буруулан хөдөлвөөс, бид цэргээ зэхэн засч, хатгалдъя» хэмээж хөдлөв. Хөдлөхдөө Улхуй, Шилүгэлжид өөд хөдлөөд, Далан нөмөргэс оров. 

174. Тэнд хойноос нь Хадаан далдурхан эм хөвүүдээсээ хагацаж ирэв. Хадаан далдурхан ирж Ван ханы үг хэмээн өгүүлрүүн: «Ван хан, хүү Сэнгүмийг энгэсэг хацраа учам суманд шархдан унахад, дээр нь эгээрч тэнд өгүүлжээ. 

    Тэмцэхүй мэтэд
    Тэмцэлдэв
    Халдахуй мэтэд
    Халдах болж
    Хайран хөвүүн минь
    Хацартаа
    Хадаас хадуулав
    Хөвүүний амь өрсөн довтолъё» хэмээвээс, түүнд Ачиг ширүн өгүүлрүүн: 
    Хан! хан! байтугай!
    Эчнээ бүхүй хүүг эрэхдээ
    Илбийн зангиа хийж
    Эвий бөвий хэмээн 
    Эрэн залбирмуу, бид
    Өдий төрж гарсан
    Хүү Сэнгүмийг асаръя
  Монголын олонх Жамухад, Алтан, Хучарт, бидэнд буй. Тэмүжинтэй дайжиж гарсан Монголчууд хаа одох, тэд?
    Морин унаатан
    Модон нөмөртөн болов, тэд
    Одоо тэд эс ирвээс
    Очиж морины хомоол мэт 

    Хормойлж авчиръя, бид тэднийг» хэмээв. Ачиг ширүний энэ үгэнд Ван хан өгүүлрүүн: «Зэ, тийм бөгөөс хөвүүн минь алжуузай. Хөвүүнийг үл дэнсэлгэн асрагтун» хэмээгээд хатгалдсан газраас харин буцъя хэмээв.    

175. Тэндээс Чингис хаан Далан нөмөргэсээс Халх гол руу хөдлөхдөө тоо тоолов. Тоолбоос хоёр мянга зургаан зуу болов. Нэгэн мянга гурван зууг Чингис хаан авч, Халхын өрнө этгээдээр нүүв. Нэг мянга гурван зууг Халхын дорно этгээдээр Уругууд, Мангуд нүүв. Тийн нүүж айсуйд хүнсэнд ан авлан явахуйд Хуйлдар шархаа анаагүй (эдгээгүй) байхад Чингис хаан ятгасаар байтал үл болон гөрөөсөнд довтолж, үгдэрч нөгчив. Тэнд Чингис хаан Халхын Ор нугын хэлтгий хаданд ясыг нь тавиулав. 

176. Халхын Буйр нуурт цутгах газрын эхэнд Тэргэ, Эмэлтэн Хонгирад буй хэмээн мэдэж, Жүрчидэйг Уругуудтай илгээв. 

    «Хонгирад иргэн эрт өдрөөс
    Зээгийн зүсээр
    Охины өнгөөр хэмээвээс
    Элсэн ормуу.
    Эсэргүүцэн тэмцэлдвээс хатгалдъя, бид» хэмээж илгээвээс, Жүрчидэйд элсэн оржээ. Элсэн орсон учир Чингис хаан юуг нь ч эс хөндөв. 

177.  Тэнд Хонгирадыг оруулан одож, Түнхэ горхины дорно талд бууж, Чингис хаан Архай хасар Сүхэхэй жэгүн хоёроор дуу бариулруун: «Түнхэ горхины дорно талд буув. Өвс бэлчээр сайн болжээ. Агтас минь үелэв. Хан эцэгт минь өгүүл» хэмээн өгүүлрүүн: «Хан эцэг минь юунд буруутгаж, намайг айлгав, чи? Айлгах бөгөөс муу хөвүүдээ, муу бэрүүдээ нойрыг нь үл ханган, яахан айлгав, чи?

    Дээр нь суух ор богиносгож
    Дээш гарах утаа замхрааж
    Яахан тийн айлгав, чи? Хан эцэг минь
    Хажуугийн хүмүүнээ
    Хатгагдав уу, чи?
    Хөндлөнгийн хүмүүнээ
    Хөхүүлэгдэв үү, чи?
    Хан эцэг минь бид хоёр юу хэмээлдлээ? Зоргол хуны Улаанууд, Болдагуудад бид эс өгүүлэлдсэн бус уу?
    Шүдэт могой шударваас
    Шудраанд нь бүү оръё
    Шүдээр амаар ололцож биширье хэмээж эс хэлэлцсэн бус уу?
Эдүгээ хан эцэг минь шүдээр амаар ололцож хагацав уу, чи?
    Араат могой адарваас
    Адраанд нь бүү оръё
    Амаар хэлээр ололцож биширье хэмээж эс хэлэлцсэн бус уу? 

Эдүгээ хан эцэг минь амаар хэлээр ололцож ангижирав уу, чи? Хан эцэг минь, би цөөн боловч олныг үл эрүүлэх бүлгээ. Муу боловч сайхныг үл эрүүлэх бүлгээ, би. Хоёр аралтай тэрэг нөгөө арлаа хугарваас үхэр нь зүтгэн ядъюу. Тэр мэт нөгөө арал чинь би бус буюу? Хоёр хүрдтэй тэрэг нөгөө хүрдээ хугарваас хөдлөн ядъюу. Тэр мэт нөгөө хүрд чинь би бус буюу? Эрт өдөр хэмээвээс Хурчахус буйруг хан эцэг юүгээн өнгөрсөн хойно дөчин хөвүүдийн ах хэмээж хан болгожээ чамайг. Хан болоод дүү нараа Тай төмөр тайш Буха төмөр хоёрыг алав, чи. Эрхэ хар дүү чинь алагдахаас амиа хоргоон гарч, Найманы Инанча билгэ ханд буруулан оржээ. Дүү нараа алагч болов хэмээн Гүр хан авга чинь чамд морилж ирвээс, чи зуун хүнтэй амиа хоргоон буруулж, Сэлэнгэ рүү дутааж, Харагун хавцалд шургалав, чи. Жич тэндээс гарахдаа, Мэргидийн Тогтогад Ужагур үжин охиноо нүүр тал засан өгч, Харагтун хавцлаас гарч, Есүхэй хан эцэгт минь ирвээс, чи тэнд өгүүлрүүн: Гүр хан авгаас улсыг минь аварч өг» хэмээхэд Есүхэй хан эцэг минь чамд тийн хэмээн ирж, Тайчуудаас Хунан Бахажи хоёрыг удирдаж, улсыг чинь аварч өгье хэмээн, цэрэг засан одож, гурван Дэрстэд бүхүй Гүр ханы хорь гучин хүнийг Хашин орны зүг үлдэж, улсыг чинь аварч өгөв. Тэндээс ирж, Туулын Хар түнд Хан эцэг минь, Есүхэй хан лугаа анд бололцож, тэнд Ван хан эцэг минь бишрэн өгүүлрүүн: «Энэ тусыг чинь үр ач ургийн урагт хүртэл ач хариулахыг дээр тэнгэр, газрын ивээл мэдтүгэй» хэмээн бишрэгсэн ажгуу, чи. Түүний хойно Эрхэ хар Найманы Инанча билгэ ханаас цэрэг гуйж, чамд морилж ирвээс, чи амиа хоргоон улсаа орхиж, цөөн хүмүүнтэй дутааж гарч, Хар хятаны Гүр ханд Чүй мөрнөө Сартуул газарт одов, чи. Нэгэн он үл өнгөрөөн бас Гүр ханаас дайжиж гарч Уйгур, Тангудын газарт зүдэрч явахдаа, таван ямаа шөрөглөн сааж идэж, тэмээний цус ханаж идэж, ганц сохор халиун морьтой ирэв, чи. Хан эцэг чамайгаа тийн зүдэрч явна хэмээн мэдэж, урьд Есүхэй хан эцэгтэй минь анд бололцсоны тул сэтгэж, Тахай Сүхэхэй хоёрыг өөдөөс чинь элчээр илгээгээд, бас би өөрөө Хэрлэний Бүрги эргээс угтан явж, Гүсэгүр нуурт золгогдов, бид. Чамайг зүдэрч ирэв хэмээн гувчуур гувчиж чамд өгөөд, урьд эцэгтэй минь анд бололцсоны ёсоор Туулын Хар түнд бид хоёрын эцэг хөвүүн бололцсон ёс тэр бус билүү? Тэр өвөл чамайг хүрээн дотор оруулж, тэжээв зэ. Өвөл өвөлжиж, зусаж, намар нь Мэргид иргэний Тогтога бэхид морилж, Хатиглиг нурууны Мөрүчэ сүүл хэмээх газар хатгалдаж Тогтога бэхийг Баргужин төхөмийн зүг үлдэж, Мэргид иргэнийг дагуулиж, олон адуу, орд гэрийг нь, тариа будааг нь бүгдийг авч хан эцэгт өгөв зэ, би. 

    Өлссөнийг чинь 
    Өдөр дунд эс хүргэв зэ.
    Турсныг чинь 
    Сарын хагаст эс хүргэв зэ, би.

    Бас бид Хүчүгүрдэй Буйруг ханыг Үлүг тагийн Согог уснаас Алтай давуулан үлдэж, Үрүнгү рүү одоод, Хичилбаши нуурт мохотгож авбай, бид. Тэндээс буцаж айсуйд, Найманы Хөгсэгү сабраг Байдрагийн бэлчирт цэргүүдээ засч байлдахад, үдэш орой болж, маргааш эрт хатгалдъя хэмээн засалдаж хоновоос, Хан эцэг минь чи бууриндаа гал түлүүлж, шөнө Хар сүүл өөд хөдлөв, чи. Маргааш эрт үзвээс, бууриндаа үгүй болоход, чамайг хөдөлж, «Эд биднийг түлш болгосон ажгуу» хэмээн мэдээд би бээр хөдөлж, Эдэр алтайн бэлчирээр гэтлэж ирж, Саарь хээрт буув. Тэнд чамайг Хөгсэгү сабраг нэхэж, Сэнгүмийн эм хөвүүд, ард иргэн бүгдийг аваад, Хан эцэг чиний Тэлэгэтү амсарт байсан зарим иргэд адуу мал идээ хөрөнгийг булааж одвоос, Мэргидийн Тогтогагийн хөвүүн Худу Чулуун хоёр ард иргэдээрээ чамтай хамт байснаа, тэр хооронд эцэгтэйгээ нийлэн, Баргужин орноо чамаас дайжин хөдөлжээ. Тэнд Хан эцэг минь чи «Найманы Хөгсэгү сабрагт ард иргэдээ булаалгав, би. Хөвүүн минь дөрвөн хүлгээ өгч ирүүл» хэмээн хэл ирвээс, чиний мэт үл сэтгэн, тэнд би Боорчу, Мухали, Борохул, Чулуун баатар эдгээр дөрвөн хүлгээрээ цэрэг засуулж илгээвээс, эл дөрвөн хүлгүүдийг минь очихоос урьд, Улаан хутад Сэнгүм байлдахдаа, мориныхоо гуяыг харвуулж, автах болж бүхүйд, эдгээр дөрвөн хүлгүүд минь хүрч, Сэнгүмийг авраад, ам хөвүүд, ард иргэн сэлт бүгдийг аварч өгвөөс, тэнд Хан эцэг минь бишрэн өгүүлрүүн: «Тэмүжин хөвүүн минь дөрвөн хүлгээ илгээж, үгүй болон одсон ард иргэнийг минь аварч өгөв» хэмээж бүлгээ, чи. Эдүгээ Хан эцэг минь, ямар буруутайд минь буруутгав, чи? Буруутгасан учирт элч илгээ. Илгээхдээ Хулбарихури Идүргэн хоёрыг илгээ. Энэ хоёрыг эс илгээвээс, удаах хүнийг илгээ» хэмээж явуулбаас

178. Эдгээр үгст Ван хан өгүүлрүүн: 
    Ай халаг хөвүүнээсээ
    Хагацахуйяа, төрөөсөө
    Хагацав, би. 
    Няцахуйяа, үйлээсээ
    Няцав, би хэмээн алжаан өгүүлрүүн
    «Эдүгээ хөвүүнээ үзэж муу санаваас

    Энэ мэт цусаа гаргая» хэмээн андгайлж чигчий хурууныхаа өндгийг онивч (сумны онь гаргагч хутга) хутгаараа хатгаж, цусы нь цувруулж, өчүүхэн тагтай (жижиг үйсэн сав)-д хийж «Хөвүүнд минь өг» хэмээж илгээв. 

179.  Бас Чингис хаан «Жамуха андад өгүүл» хэмээн өгүүлрүүн: «Хан эцгээс минь намайг үзэн ядаж, хагацуулав, чи. Урьд боссон бидний хэн цэг нь Хан эцгийн хөх чун (цомоо)-г уух бүлгээ. Намайг урьд босч уухад атаархав, чи. Эдүгээ Хан эцгийн хөх чунг барагтун. Хэдий хорооно, та нар?» хэмээж илгээв. Бас Чингис хаан Алтан Хучар хоёрт өгүүл хэмээн өгүүлрүүн: «Та хоёр намайг тэвчиж, илт орхих хэмээв үү, та нар? Аргацаан орхих хэмээв үү, та нар? Хучар чамайг Нэхүн тайшийн хөвүүн хэмээж биднээс «Чи хан бол» хэмээвээс эс болов, чи. Алтан чамайг, Хутула хан л мэдэж явлаа, эцэг юүгээн мэдэж агснаар «Чи хан бол» хэмээвээс эс болов, чи. Дээрээс, Бартан баатарын хөвүүн хэмээж Сача Тайчу хоёрыг «Та нар хаад бологтун» хэмээж ядав, чи. Та нарыг хаад бологтун хэмээж ядаад, харин та нар чи хан бол хэмээсэнд, би улсыг мэдэн явав за. Та нарыг хаад болсон бөгөөс: 

    Олон дайнд
    Оройлон довтолвоос 
    Тэнгэрт ивээгдвээс
    Дайсан хүнийг 
    Дагуулихуйд
    Хацар гуа охин
    Хатан эмийг
    Харгам сайн агт
    Хатируулан авчирч өгөх бүлгээ, би. 
    Ороо гөрөөсөнд
    Удирдан гарваас
    Хадны гөрөөсний
    Хааг нь нийлтэл
    Шахаж өгөх бүлгээ, би
    Гууны гөрөөсний
    Гуяыг нь нийлтэл
    Шахаж өгөх бүлгээ, би.
    Хээрийн гөрөөсний
    Хэвлийг нь нийлтэл
    Шахаж өгөх бүлгээ, би.

    Эдүгээ хан эцэгт минь сайтар нөхцөж өгөгтүн! Та нар уйданга хэмээгдүүзэй. Жаут хурийн турхаг нь энэ ажгуу гэж бүү хэлүүлэгтүн! Гурван мөрний тэргүүнд (эхэнд) хэнийг ч бүү буулгагтун» хэмээж илгээв. 

180. Бас Чингис хаан Тоорил дүүд өгүүл хэмээн өгүүлрүүн: «Дүү хэмээх ёс Тумбинай Чархай линху хоёрын Ногта боолыг олзолж ирэв зэ. Ногта боолын хөвүүн Сүбэхэй боол бүлгээ. Сүбэхэй боолын хөвүүн Хөхөчү хирсаан бүлгээ. Хөхөчү хирсааны хөвүүн Ехэй хонтахар бүлгээ. Ехэй хонтахарын хөвүүн Тоорил чи, хэний улсуудыг өгнө хэмээн зусардан явна, чи? Миний улсыг Алтан Хучар хоёр хэнээр ч үл мэдүүлэх буй за. Чамайг дүү хэмээх болсон ёсон: 

    Борхайн (хуланц эцэг)
    Босгоны боол
    Элэнцийн минь
    Үүдний өмч боол хэмээж илгээсэн минь ийм»

181. Бас Чингис хаан Сэнгүм андад өгүүл хэмээн өгүүлрүүн: «Дээлтэй төрсөн хөвүүн би ажгуу. Нүцгэн төрсөн хөвүүн чи ажгуу. Бидний Хан эцэг бид хоёрыг эн сацуу асрах бүлгээ. Бидний зуур хүн орсноос, Сэнгүм анд надад атаархаж, үлдэн хөөв чи. Эдүгээ бидний Хан эцгийн эүрхийг нь үл зовоон, өглөө үдэш орж гарч, сэргээж яв.
    Чи хуучин сэтгэлээ үл талбин, хан эцгийг амьд бөгөөтөл, хан болъё хэмээн хан эцгийн, бидний сэтгэлийг бүү зовоож алгасуул!» гээд, 
«Сэнгүм анд надад элч илгээ. Ирүүлэхдээ Билгэ бэхи Төтөгэн хоёр нөхдийг илгээ» хэмээж явуулав.  «Надад элч ирүүлэхдээ Хан эцэг хоёр элч илгээ. Сэнгүм анд хоёр элч илгээ. Жамуха анд хоёр элч илгээ. Алтан хоёр элч илгээ. Хучар хоёр элч илгээ. Ачиг ширүн хоёр элч илгээ. Хачигун хоёр элч илгээ» хэмээн Архай хасар Сүхэхэй жэгүн хоёроор өдий үгс дуу бариулж илгээв. Эдгээр үгсийг өгүүлсний хойно Сэнгүм өгүүлрүүн: 

    «Хэзээ Хан эцэг хэмээх бүлгээ?
    Хядаач өвгөн хэмээх эс бүлгээ?
    Намайг хэзээ анд хэмээн бүлгээ?
    Тогтога бөөтэй сартагчин хонины сүүл мэт
    Салахгүй явдаг хэмээх эс бүлгээ?

Эдгээр үгсийн арга учрыг ухаарав. Хатгалдааны тэргүүт үгс буй. Билгэ бэхи Төтөгэн хоёр хатгалдахуй туг босгогтун! Агт морьдоо таргалуулагтун! Эргэлзэх хэрэггүй буй за» хэмээв. 

    Төдий Ван ханыхаас Архай хасар харихад, Сүхэхэй жэгүний эм хөвүүн тэнд, Тоорилд байсан ажгуу. Сүхэхэй жэгүн буцаж одохоос зүрх ядаж, Архай хасараас хоцорчухуй. Архай хасар ирж, эдгээр үгсийг Чингис хаанд өгүүлэв. 

182. Төдий Чингис хаан хөдөлж, Балжуна нуурт буув. Тэнд буухуйд Горуласын Чогос цагаан яг тэнд учралдав. Тэд Горулас үл эсэргүүцэн, элсэн ирэв. Онгудын Алахуш дигидхуригаас цагаан тэмээт Асан сартагтай (худалдааны ноён) мянган ирэг хонь тууж, Эргүнэ мөрөн рүү булга, хэрэм худалдаж авахаар айсуйд, Балжуна мал услан явахуйд, Чингис хаан учрав. 

183. Чингис хаан мөн Балжунад ундаалан бүхүйд, Хасар ам болон Егү, Есүнхэ, Тухутан гурван хөвүүдээ Ван ханд орхиж, цөөн бие, нөхдийн хамт гарч ах юугаан хэмээн Чингис хааныг эрэн, Харагун жидүний нуруудаар хэрж, олон ядан ядсаар шир, шөрмөс идэж яваад, Балжунад Чингис хаанд нийлэв. Хасарыг ирүүлээд баясч, Чингис хаан Ван ханд элч илгээе хэмээн эетэж (зөвшиж), Жэгүрэдэй Халигудар, Урианхдай Чахурхан хоёроор өгүүлж илгээрүүн: «Хан эцэгт Хасарын үг хэмээн өгүүлэгтүн!» хэмээн өгүүлрүүн: 

    «Ахаа харж (хайж)
    Хараа минь завхав.
    Хайж мөрий нь 
    Олон ядав
    Хайлж дуугаа
    Эс сонсгов
    Од харж
    Орвон (бут, сондуул) дэрт болж хэвтмүү, би.

    Эм хөвүүн минь Хан эцэгт буй. Баттай итгэмжийг олвоос Хан эцэгтээ очно би хэмээн илгээв гэж өгүүлэгтүн!» Бас өгүүлрүүн: «Бид та хоёрыг залган хөдөлж, Хэрлэний Аргал хөхийд уулзахаар болзолдъё. Та нар тэнд ирэгтүн!» хэмээн болзолдож, төдий Халиудар Чахурхан хоёрыг илгээгээд, Жүрчидэй Архай хоёрыг манлайлуулж, Балжуна нуураас Чингис хаан удааран хөдлөн гарч, морилсоор Хэрлэний Аргал хөхийд хүрэв. 

184. Халигудар Чахурхан хоёр Ван ханд хүрч, Хасарын үг хэмээн эндээс (Чингисийн тэндээс) өгүүлж илгээсэн үгсийг өгүүлжүхүй. Ван хан алтан тэрэм (цацар) босгож ажиггүй хуримлаж байжээ. Халигудар Чахурхан хоёрын үгэнд Ван хан өгүүлрүүн: «Тийн бөгөөс Хасар иртүгэй!» хэмээж итгэмж болгож, Итүргэнийг илгээе хэмээн илгээжээ. Төдий ирээд болзол газар Аргал хөхийд хүрэхүй лүгээ, сүр бараа ихийг үзэж, Итүргэн элч эргэн дутаажээ. Халигударын морь хурдан ажгуу. Халигудар гүйцэж барих зүрх ядаж, урдуур хойгуур нь хөрөөдөн явахуйд, Чахурханы морь удаан ажгуу. Хойноос нь сум хүрэх газрын үзүүрээс Итүргэний алтан эмээлт хар агтын гуяны угийг суутал харважээ. Тэнд Итүргэнийг Халигудар Чахурхан хоёр барьж, Чингис хаанд авчрав. Чингис хаан Итүргэнтэй үл хэлэлцэн, «Хасарт авч очигтун! Хасар мэдтүгэй» хэмээв. Авч очвоос, Хасар Итүргэнтэй үл хэлэлцэн, мөн тэнд цавчиж гээв. 

185. Халигудар Чахурхан хоёр Чингис хаанд өгүүлрүүн: «Ван хан ажиггүй алтан тэрэм босгож, хуримлаж буй. Үтэрлэн хөдөлж, шөнө дүлээр гэнэдүүлэн бүслэе» хэмээв. Энэ үгийг зөвшөөж, Жүрчидэй Архай хоёроор манлайлуулж, шөнө дүлээр хүрч, Жэжээр өндөрийн Жэр хавц-гайн амсарт бүхүйд бүчив (бүслэв). Гурван шөнө, гурвөн өдөр булхалдан (тэмцэлдэн), бүслэж байтал гутгаар өдөр тэд ядаж туйлдаад, орж өгөв. Ван хан Сэнгүм хоёрыг шөнө хэрхэн гарсныг эс мэдэв. Энэ тэмцэлдэгч нь Жирхиний Хадаг баатар ажгуу. Хадаг баатар орж өгөөд, өгүүлрүүн: «Гурван шөнө, гурван өдөр булхалдахдаа (тэмцэлдэхдээ), тус хан эзнээ үзсээр байу, барьж хэрхэн алуулна? хэмээн тэвчин ядаж, амиа хоргоон зайлтугай» хэмээн сугаруулан гаргаж тулалдлаа, би. Эдүгээ үхүүлвээс үхье. Чингис хаанд соёрхогдвоос хүч өгье» хэмээв. Чингис хаан Хадаг баатарын үгийг зөвшөөж, зарлиг болруун: Тус эзнээ тэвчин ядаж, амиа хоргоон, зайлтугай хэмээн тулалдах эр тэс бусдаас илүү буй. Нөхөрлөж болох хүмүүн бүлгээ» хэмээгээд соёрхож, үл үхүүлэн «Хуйлдарын амь алдсаны тул Хадаг баатарыг, зуун Жирхиний хамт Хуйлдарын эм хөвүүдэд нь хүч өгтүгэй! Нуган хөвүүн төрвөөс, Хуйлдарын ургийн урагт хүртэл дагаж хүч өгтүгэй. Охин хүүхэд төрвөөс, эцэг эх нь өөрийн дураар бүү ураглуултугай. Хуйлдарын эм хөвүүд нь өмнө хойно зартугай» хэмээн соёрхон зарлиг болов. Хуйлдар сэцэний түрүүлж ам нээсний туё Чингис хаан соёрхож зарлиг болруун: «Хуйлдарын ургийн урагт хүртэл Хуйлдарын тусын тул өнчдийн авлига аван атугай» хэмээн зарлиг болов. 


Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдсэн.

Монголын түүх ямар ч Монгол хүнд ойрхон байх ёстоай гэсэн үүднээс Монголын Нууц Товчоог хэсэгчлэн оруулаад байгаа билээ. 

Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (191~197)

Монголын нууц товчоо (198~208)