Монголын нууц товчоо (148~157)
ТАВДУГААР БӨЛӨГ (148~157)
148. Чингис хаан тэнд Тайчуудыг дагуулиж, Тайчуудай яст хүмүүсийг, Агучу баатар, Хутуудартан Тайчуудыг ургийн урагт хүртэл үнсээр хийсгэн хядав. Улс иргэнийг нь нүүлгэж ирж, Чингис хаан Хубахаяа (Ухаа хаяа)-д өвөлжив.
149. Нүцгэн баарины Ширгээт өвгөн Алаг, Наяа хөвүүдтэйгээ хамсан, Тайчуудын ноён Таргудай хирилтугийг ойд бүгэж бүхүйг өст хүмүүн бүлгээ хэмээн морь унаж үл чадах Таргудайг барьж, тэргэнд суулгаж, Ширгээт өвгөн Алаг, Наяа хөвүүдтэйгээ Таргудай хирилтугийг барьж айсуйд, Таргудай хирилтугийн хөвүүд дүү нар нь булааж авъя хэмээн гүйцэж ирэв. Хөвүүд, дүү нарыг нь гүйцэж ирэхэд, Ширгээт өвгөн, хөдөлж ядах Таргудайг тэргэн дээр унагаж, гэдрэг харуулж дээр нь агдлан сууж, хутга гарган өгүүлрүүн: «Хөвүүн, дүү нар чинь чамайг булааж авахаар ирэв. Хан эзнээ гардав хэмээн эс алсан ч, хан эзэндээ халдав гэж намайг тэд ална. Чамайг алсан ч, мөн би алагдана. Тэгэхлээр үхэхдээ дэр аван үхье¹» хэмээгээд агдлан сууж, том хутгаараа хоолойг нь огтлохоор хүрэхэд, Таргудай хирилтуг их дуугаар дүү нар, хөвүүддээ хашгирч хэлсэн нь: «Ширгээт намайг алан буюу. Нэгэнт алж дуусгавал үхсэн, амьгүй биеийг минь авч явж юу хийнэ, та нар? Намайг алаагүй байхад үтэр харигтун! Тэмүжин намайг алахгүй. Тэмүжинийг бяцхан байх цагт:
Нүүрэндээ гэрэлт бүлгээ хэмээн, эзгүй нутагт хоцорч амуу хэмээн, авахаар одож, авчирч сургаваас сурах төлөвтэй буюу хэмээн, эмнэг үрээ даага сургах мэт сурган соён явлаа. Түүнийг алах хэмээвээс үхүүлж ядах юу билээ. Одоо түүний ой нь орж, сэтгэл нь сэнхэрч амуу хэмээгдмүү. Тэмүжин намайг үл үхүүлэх. Хөвүүд, дүү нар та минь үтэр харигтун! Ширгээт намайг алж явуулуузай!» хэмээн их дуугаар хашгирав. Хөвүүд, дүү нар нь өгүүлрүүн: «Бид эцгийнхээ амийг аваръя хэмээн ирэв. Ширгээт амийг нь нэгэнт авбаас, амь үгүй хоосон биеэр нь юу хийнэ, бид? Алаагүй дээр нь үтэр харья» хэмээлдэн буцав. Тэднийг буцахад Алаг, Наяатан Ширгээт өвгөний зугатсан хөвүүд нь ирэв. Тэднийг ирүүлээд, хөдөлж явах зуур Хутухул нугад хүрвээс, тэнд заяа өгүүлрүүн: «Бид энэ Таргудайг барьж очвоос, Чингис хаан биднийг тус хаанаа гардан барьж ирэв хэмээн, тэр биднийг «Хаанаа гардан барьж ирэгсэд ямар итгэлтэй ард байх вэ? Эд бидэнтэй бас яаж нөхөрлөнө. Нөхөрлөж үл чадах ард, тус хаанаа гардан барьсан ардыг мөхөөгтүн» хэмээн алъюу. Бид харин Таргудайг эндээс тавьж явуулж, өөрсдийн биеэр Чингис хаанд хүч өгөхөөр ирэв хэмээж очъё. Таргудайг барьж ирж яваад, тус хаан эзнээ тэвчин ядаж, хэрхэн үхүүлэх хэмээгээд тавьж явуулж, бид танд бишрэн хүч өгье, бид» хэмээе хэмээв. Наяагийн энэ үгийг эцэг хөвүүд зөвшилдөж, Таргудай хирилтугийг Хутухул нугаас тавьж явуулж, тэр Ширгээт өвгөн Алаг, Наяа хөвүүдтэйгээ хүрч ирвээс, «Яахан ирэв» хэмээв. Ширгээт өвгөн Чингис хаанд өгүүлрүүн: «Таргудай хирилтугийг барьж ирж яваад, жич тус хаанаа харсаар байж, хэрхэн үхүүлэх хэмээн тэвчин ядаж, тавьж явуулаад, Чингис хаанаа хүч өгье хэмээн ирэв» хэмээв. Түүнд Чингис хаан өгүүлрүүн: «Таргудай ханыг гардан барьж ирсэн бөгөөс, тус хаанаа барьсан ард та нарыг ургаар нь хөнөөх бүлгээ. Хаанаа тэвчин ядсан сэтгэл чинь зөв буй» хэмээн Наяаг соёрхов.
150. Түүний хойно Чингис хаанд, Хэрэйдийн Жаха гамбу, Дэрсүтэд нутаглаж байхад нөхөрлөхөөр ирэв. Тэр ирсэн даруйд Мэргид довтлон ирвээс, Чингис хаан Жаха Гамбу нар хатгалдан няцаав. Тэнд Түмэн түбэгэн олон Донхайд Хэрэйдийн бутарсан иргэд Чингис хаанд нийлж иржээ.
Хэрэйдийн Ван хан бол урьд Есүхэй ханы цагт сайн эв эетэй байлцан, Есүхэй хантай анд хэмээлдсэн ажээ. Анд хэмээлдэхүй ёс нь Ван хан, Хурчахус буйруг хан эцгийнхээ дүү нарыг алахаар завдаж, авга Гүр хантайгаа дайсан бололцож, Харагун хавцалд шургалдаж, зуун хүнтэй зугатан гарч, Есүхэй ханд ирвээс, Есүхэй хан түүнийн өөртөө ирсэнд, өөрөө цэрэглэн мордож, Гүн ханыг Хашин орны зүг үлдэн хөөж, ард иргэдийг нь Ван ханд авч өгсний тул анд бололцсон нь тэр.
151. Түүний хойно Ван ханы дүү Эрхэ хар Ван хан ахдаа алуулахаас буруулан одож, Найманы Инанча ханд дагар оров. Инанча хан цэрэг илгээж, жич Ван хан гурван балгасаар бядан явж, хар Хятаны Гүр ханд одсон ажгуу. Тэндээс бас эвдрэл болон, Уйгур, Тангадын балгадаар дайран, таван ямаа шөрөглөн сааж, тэмээний цус ханаж идээд, арай ядан Гүсэгүр нуурт ирвээс, Чингис хаан урьд Есүхэй хантай анд хэмээлдсэн ёсоор Тахай баатар, Сүхэхэй жэгүн хоёрыг элчээр илгээгээд, Хэрлэний эхээс Чингис хаан өөрөө тосон мордож, өлсч ядарч ирэв хэмээн Ван ханд гувчуур гувчиж өгч, Хүрээн дотроо оруулж тэжээв. Тэр өвөл хамт нүүж, Чингис хаан Хубахаяад өвөлжив.
«Энэ бидний хан ах
Үгээгүй авиртан
Өмхий элэг
Өвөртлөн явж
Ахан дүүсийг барав.
Хан хятанд орж
Хамаг улсыг зовоов.
Эдүгээ үүнийг хэрхэх, бид? Эрт өдөр яаж явсан хэмээвээс, долоон настайд нь Мэргид иргэн дагуулиж одож, хар алаг ишгэн дах өмсгөж, Сэлэнгийн Буур хээрт Мэргидийн тарианы уур нүдэв. Хурчахус буйруг хан эцэг нь жич Мэргид иргэнийг эзлэн, хүүгээ тэндээс аварч ирвээс, мөн Татаарын Ажай хан арван гурван настайд нь эхтэй нь хамт олзлон одож, тэмээгээ адуулуулан явахуйд, Ажай ханы хоньчин аваад, оргож ирэв. Бас түүний хойно Найманаас айж, буруулан явж, Сартуулын газар Чуй мөрнөө Хар хятаны Гүр ханд одов. Тэндээ нэгэн он үл дуусган, жич дайжин хөдөлж Уйгур, Тангадын газраар бядан явахдаа, ядарч, таван ямаа шөрөглөн сааж, тэмээний цус ханаж идэж, ганц сохор халиун морьтой ядарч явж, Тэмүжин хөвүүнд ирвээс, гувчуур гувчиж тэжээв. Эдүгээ Тэмүжин хөвүүнд тийн явснаа умартаж, өмхий элэг өвөртөлж явна. Үүнийг хэрхэх, бид» хэмээлдэв. Ийн хэлэлцсэн үгсийг Алтан ашух Ван ханд айлтгажээ. Алтан ашух өгүүлрүүн: «Би бээр энэ эед оролцлоо. Харин хан чамайг муучлахад тэвчин ядав» хэмээжээ. Тэнд Ван хан ийн өгүүлэлдсэн эл Хутур, Хулбари, Алин тайш тэргүүтэн дүү нар ноёдоо бариулжээ. Дүү нараас нь Жаха гамбу зугатаж Найманд очив. Тэднийг хүлж, гэрт оруулж, Ван хан өгүүлрүүн: «Бид Уйгур, Тангадын газраар явахдаа юу хэмээлдлээ? Таны мэт юу сэтгэнэ, би?» хэмээгээд нүүд өөд нь нулимж, хүлээсийг нь тавиулав. Ханыг нулимахад, гэрт байсан хүмүүс бүгд босч нулимжээ.
153. «Тэр өвөл өвөлжиж, нохой жил (1202) намар нь Чингис хаан Цагаан татаар, Алчи татаар, Тутагут татаар, Алухай татаар, Тэтэ татааруудтай Далан нөмөргэст байлдаж хатгалдахын урьд, Чингис хаан засаг (цааз) тогтоож, өгүүлрүүн: «Дайсныг дарваас, олзонд бүү хоргод. Даран дуусгаваас, тэр олз биднийх болно. Бид хуваалдан авна. Дайсан хүмүүнд няцаагдваас, түрүүчийн довтлон орсон газартаа эгээрье. Түрүүчийн довтолсон газартаа эс эгээрсэн хүнийг алтугай» хэмээн засаглалдав. Далан нөмөргэст хатгалдаж, Татаарыг дутаалгав. Тэднийг дарж, Улхуй шилүгэлжидэд улстаа нэгтгэн дагуулив. Цагаан татаар, Алчи татаар, Тутагут татаар, Алухай татаар зэрэг эрхин иргэдийг дарахад, засаглан хэлэлцсэн үгст Алтан, Хучар, Дааридай гурав үгдээ үл хүрэн, олзонд шунажухуй. Үгдээ эс хүрэв хэмээн Зэбэ Хубилай хоёрыг илгээж, олзолсон адуу мал юу авсан бүхнийг хураалгав.
154. Татаарыг мохотгон дагуулин барж, улс иргэнийг нь хэрхэх вэ хэмээн, Чингис хаан ургаараа нэгэн гэрт орж, эетэлдэв.
Өвгөд эцгийг барсан бүлгээ.
Өвгөд эцгийн
Өшил өшиж
Хясал хясаж
Цүүнд үлиж (чацуулж)
Хядаж алж өгье.
Үлитгэл хядъя
Үлдэгсдийг нь боолчилъё.
Зүг зүгт хуваалъя» хэмээн зөвлөн тогтож, гэрээс гарваас, Татаарын Их чэрэн Бэлгүдэйгээс ямар эе эетэлдэв хэмээн асуужээ. Бэлгүдэй өгүүлрүүн: «Та бүгдийг цүүнд үлиж хядъя хэмээлдэв» хэмээжээ. Бэлгүдэйн энэ үгээр Ир чэрэн Татаарууддаа тунхаг тавьж, хоригложухуй. Хориглосон Татааруудад манай цэргүүд дайран орохдоо, маш ихээр шамшигджээ. Хориглосон Татаарыг арай ядан оруулж авч баран, цүүнд үлиж хядахад, Татаар өгүүлэлдрүүн: «Хүн тутам ханцуйдаа хутга ханцуйлж, дэр аван үхье» хэмээлдэж бас машид шамшжээ. Төдий Татаарыг цүүнд үлиж, хядан барж, тэнд Чингис хаан зарлиг болсон нь: «Бид ургаараа их эе барилдсаныг Бэлгүдэй задруулсны тул, бидний цэргүүд маш их шамшигдав. Үүнээс хойш их эед Бэлгүдэй бүү ортугай. Эе бартал, гаднах бүхнийг застугай. Хэрүүл, хулгай, худал үйлстнийг засан заргалтугай. Эе барваас, өтөг (ундаан) оруулж уусны хойно Бэлгүдэй Дааридай хоёр тэнд ортугай» хэмээн зарлиг болов.
155. Тэнд Татаарын Их чэрэнгийн охин Есүхэн хатныг Чингис хаан авав. Есүхэн хатан хаанд таалагдаж өгүүлрүүн: «Хаан соёрхвоос, намайг хүний зэрэгт бодож болгоож асармуу. Миний эгч Есүй нэрт надаас дээр, хан хүнд зохих ажээ. Саяхан хүргэн хүргэлсэн (хадамд урагласан) бүлгээ. Эдүгээ энэ будлианд хаа нэгэн тийш явав» хэмээв. Энэ үгийн сонсоод, Чингис хаан өгүүлрүүн: «Эгч чинь чамаас илүү сайн бөгөөс эрүүлье. Эгчээ ирвээс, зайлж өгөх үү, чи?» хэмээв. Есүхэн хатан өгүүлрүүн: «Хаан соёрхвоос, эгчийгээ л үзвээс эгчдээ зайлж өгье» хэмээв. Энэ үгэнд Чингис хаан зарлиг тунхаглаж, эрүүлвээс, өгтсөн (өгөгдсөн) хүргэнтэйгээ хамт ойд бүгж бүхүйд нь манай цэргүүд учрав. Эр нь дутааж, Есүй хатныг тэнд авч ирэв. Есүхэн хатан эгчээ үзээд, урьд өгүүлсэн үгдээ хүрэн, босч, суусан сууриндаа суулгаж, өөрөө мөн доор суув. Есүхэн хатны үг үнэн болж, Чингис хаан ойндоо оруулж Есүй хатныг авч, зэрэгт суулгав.
156. Татаар иргэнийг дагуулин барж, нэгэн өдөр Чингис хаан гадаа сууж, ундалж байв. Есүй хатан Есүхэн хатан хоёрын дунд сууж, ундлан бүхүйд, Есүй хатан ихэд шүүрс алдав. Тэнд Чингис хаан дотроо бодож, Боорчу, Мухалитан ноёдыг урьж ирүүлж өгүүлрүүн: «Та нар энд цугларсан ард бүхнийг аймаг аймгаар нь болгогтун! Өөр бусад аймгийн хүнийг ялган гаргагтун» хэмээн зарлиг болов. Төдий аймаг аймгаар нь болговоос нэгэн хөрслөг сайхан залуу хүн аймаг аймгаас ангид байв. «Чи юун хүн буй?» хэмээвээс тэр хүн өгүүлрүүн: «Татаарын Их чэрэнгийн Есүй нэрт охиныг авсан хүргэн хүн бүлгээ, би. Дайсанд баригдахаас айж, буруулан явж, одоо амгалан болов хэмээн ирж, олон хүний дунд танигдахгүй хэмээн бодож явлаа» хэмээв. Энэ үгийг Чингис хаанд өчвөөс, зарлиг болруун: «Мөнхүү дайсан санаалж, оорцог болж явжээ. Эдүгээ юу мэдэхээр мярааж ирэв? Энэ мэтсийг цүүнд үлив. Юунд саармуй. Нүдний эчнээ гээгтүн» хэмээв. Төдий түүнийг мөхрүүлэв (тонилгов).
157. Мөн нохой жил (1202) Чингис хааныг Татаар иргэнд морилсонд, Ван хан Мэргид иргэнд морилж, Тогтога бэхийг Баргуужин төхөмийн зүг үлдэн хөөж, Тогтогагийн их хүү Төгүс бэхийг алж, Тогтогагийн Хутагтай Чаалун хоёр охин хатныг нь авч, Хуту Чулуун хоёр хөвүүн, иргэд сэлтийг нь эзлэн аваад, Чингис хаанд юу ч үл өгөв.
¹ Амьд хүний гэрч болохоос үхсэн хүний дэр бол гэсэн үг буй.
Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдсэн.
Comments
Post a Comment