Монголын нууц товчоо (79~88)
ХОЁРДУГААР БӨЛӨГ(79~88)
78. Төдий атал Тайчуудын Таргудай хирилтуг турхагуудаа удирдаж
Шүлс нь сэвэрчихлээ» хэмээн довтлон ирэв. Эх хөвүүд айцгааж, ах дүү нар цөм ой шугуйд хороолж, Бэлгүдэй мод хуга таталж, шивээ барьж, Хасар харвалдаж, Хачигун, Тэмүгэ, Тэмүлүн гурвыг уулын ангал завд нууж, тэмцэлдэн бүхүйд Тайчууд бархиран өгүүлрүүн: «Ахыгаа, Тэмүжинийг явуул! Бусад чинь хэрэггүй» хэмээн бархирахад Тэмүжинийг буруулуулан гаргаж, ойд дутаан одохыг Тайчууд үзэж хөөхөд, Тэргүүн өндөрийн шугуйд шургаж орвоос, Тайчууд шугуйд орж чадалгүй орчин сахижээ.
80. Тэмүжин шугуй дотор гурав хонож, «Гаръя» хэмээн морио хөтөлж явахуйд, мориноос эмээл нь мултарч хоцорчээ. Эргэж үзвээс, эмээл хөмөлдрөглөж, оломлосон атал мултарч унажээ. Олом мултарч болох боловч, хөмөлдрөг бас яахан мултрах бүлгээ. Тэнгэр ятган байна уу? хэмээн эргэж, бас гурав хонов. Ахин гарч ирэхүйд шугуйн амсарт гэрийн чинээ цагаан гүр чулуу амсар бөглөн унажээ. Тэнгэр ятган байна уу? хэмээн буцаж, бас гурав хонов. Нийт есөн хоног хоол ундгүй ажээ. «Нэр үгүй хэрхэн ингэж үхнэ? Гаръя» хэмээж тэр амсар бөглөн унасан гэрийн чинээ цагаан гүрийг тойрон гаръя хэмээтэл, үл болох тул сумч (сум засдаг) хутгаараа мод огтлоод, морио халтичуулан гарахын хамт, түүнийг сахиж байсан Тайчууд барьж авч одов.
81. Тэмүжинийг Таргудай хирилтуг авч одож, улс иргэддээ засаглаж (шийтгэл зарлаж), айл бүрт нэг нэг хонуулан, хэсүүлэн явахуйд зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр Тайчууд Ононы эрэг дээр хуримлалдаж, нар шингэхэд тарцгаав. Тэмүжинийг тэр хуримд нэг хялбар дорой хөвүүн авч ирсэн бүлгээ. Хуримын ардыг тарцгаахад, тэр хялбар хөвүүнээс дөнгөө татан авч, толгой руу нь нэгэнтээ дэлдэн гүйж, Ононы балар ой дотор хэвтвээс хүнд үзэгдэх болов уу хэмээж, усны харигт гэдрэг харж хэвтээд, дөнгөө усны уруу урсган, нүүрээ ил гарган хэвтэв.
82. Тэр алдсан хүн их дуугаар «Барьсан хүнийг алдав» хэмээн бархирахуйд тарцгаасан Тайчууд хуран ирж, өдөр мэт саруул шөнө Ононы шугуйд эрж бэдрэв. Харигт хэвтэж бүхүйг Сүлдүсний Сорхон шар яг таарч үзээд өгүүлрүүн: «Ийм аргатайн тул «нүдэндээ галт, нүүрэндээ гэрэлт» хэмээн Тайчууд ах дүү чинь чамд тийн атаархдаг ажгуу. Чи ингээд хэвт. Би зааж өгөхгүй» хэмээгээд өнгөрөв. Бас «Эргэж эрцгээе» хэмээлдэхүйд Сорхон шар өгүүлрүүн: «Мөн мөр мөрөөрөө эс үзсэн газраа үзээд, ахин бэдэрье» хэмээв. «За» хэмээлдэв. Мөн мөр мөрөөрөө ахин бэдэрэхэд, бас Сорхон шар таарч, өгүүлрүүн: «Тайчууд ах дүү чинь ам, шүдээ билүүдэж айсуй. Тэвчин хэвт» хэмээгээд өнгөрөв.
83. Бас «Дахин бэдэрье» хэмээлдэхэд Сорхон шар мөн өгүүлрүүн: «Тайчууд хөвүүд та нар гэгээн цагаан өдөр бүхэл бүтэн хүн алдав. Эдүгээ харанхуй шөнө хэрхэн олох Бид бас мөр мөрөөрөө эс үзсэн газраа эргэн үзээд тарцгааж, маргааш өдөр цуглаж эрье. Тэр дөнгөтэй хүү хаа хол одох вэ?» хэмээв. «За» хэмээлдэж ахин бэдрэхэд, Сорхон шар бас дайрч, өгүүлрүүн: «Өдий эрцгээгээд харьж, маргааш эрье хэмээлдэв. Эдүгээ маныг тарж дуусмагц эх, дүү нараа эрж од! Хүн тааралдваас, намайг үзэв хэмээн бүү хэл» хэмээгээд, нөгчин явав.
84. Тэднийг тарж дуусмагц, Тэмүжин дотроо бодов. «Өчигдөр айл хэсүүлж хонуулахад Сорхон шарын гэрт хоновоос, Чимбай Чулуун хоёр хөвүүн нь өр зүрхээ өвтгөж, шөнө намайг асарч, дөнгийг чинь авч, суллаж хонууллаа. Одоо бас Сорхон шар намайг үзээд, зааж өгөлгүй явав. Эдүгээ мөн тэд намайг аврах буй за» хэмээн Сорхон шарын гэрийг эрэн, Онон мөрөн рүү одов.
85. Тэдний гэрийн бэлгэ шинж нь сүү юүлээд, үүр цайтал шөнөжин эсэг (айраг)-ээ бүлэх бүлгээ. Тэр бэлгийг (тэмдгийг) сонсч явбаас, бүлүүрийн чимээ сонсч, гэрт нь хүрч орвоос, Сорхон шар: «Эх дүү нараа эрэн од хэмээж хэлсэн бус уу, би? Яахан ирэв, чи?» хэмээв. Чимбай Чулуун хоёр хөвүүн нь өгүүлрүүн: «Шувуухайг туримтай бутанд хоргоовоос, бут түүнийг авардаг. Эдүгээ бидэнд хүрч ирснийг яахан тийн хэлнэ, та?» хэмээн эцгийнхээ үгийг үл таалан, бугуу модон дөнгө-г нь цуцалж авч, галд түлээд, гэрийн ардах унгастай тэргэнд нууж, Хадаан нэртэй охин дүүгээ «Амьтан хүнд бүү хэл!» хэмээн асруулав.
86. Гуравдугаар өдөр «Хүн нуув!» хэмээлцэн, «Өөр зуураа нэгжье» хэмээлдэж нэгжицгээв. Сорхон шарын гэр, тэргэнд, исрийн доор хүртэл нэгжиж, хойд унгаст тэргэнд хүрч, амсар дахь унгасыг таталж, Тэмүжиний хөлд хүрэхүйд Сорхон шар: «Энэ бас ийм халуунд унгасан дотор амьд хүн яаж тэсэх буй?» хэмээвээс нэгжүүлийнхэн бууж явцгаав.
87. Нэгжүүлийг одсоны хойно Сорхон шар өгүүлрүүн: «Намайг үнсээр хийсгэн алдав. Эдүгээ эх, дүү нараа эрэн од!» хэмээж, ам цагаан эрмэг хулагч гүүг унуулж, тэлээ хурганы мах болгож, хөхүүр намбага засч, эмээл хэт үл өгөн, нум, хоёр сум өгч, даруй төхөөрч явуулав.
88. Тэмүжин тийн одоод, шивээлж хороолсон газартаа хүрч, өвсний налархайгаар Онон мөрөн өөд мөр мөшгив. Өрнөөс Химурга горхин урсан ирэх ажгуу. Тэр өөд мөр мөшгөөд, Химурга горхины Бэдэр хошууны Хорчухуй болдогт бүхүйд золголдов.
Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдээд сая зуныхаа амралтаараа Монголдоо очихдоо Монголын Нууц Товчоо худалдан авсан.
Монголын түүх ямар ч Монгол хүнд ойрхон байх үүднээс Монголын Нууц Товчоог хэсэгчлэн оруулахаад шийдсэн.
Comments
Post a Comment