Монголын нууц товчоо (69~78)

 ХОЁРДУГААР БӨЛӨГ (69~78)

69. Есүхэй баатарын үгийг бус үл болгон, Мөнлиг Дэй сэцэнд очиж өгүүлрүүн: «Есүхэй ах Тэмүжинийг маш их мөрөөдөж, өрөвдөх тул Тэмүжинийг авахаар ирэв» хэмээжээ. Дэй сэцэн өгүүлрүүн: «Худ хөвүүнээ мөрөөдөх бөгөөс одтугай. Харин уулзаад, үтэр эргэж иртүгэй» гэхэд Мөнлиг эцэг Тэмүжинийг авч ирэв. 

70. Тэр хавар Амбагай хааны хатад Орбай Сохатай хоёр ихсээ газраа тавиг тайлга гаргасанд Өгэлүн үжин хожимдож хүрч очоод, хожимдуулсан Орбай Сохатай хоёрт Өгэлүн үжин өгүүлрүүн: «Есүхэй баатарыг үхэв үү гэж, хөвүүдийг минь том болоогүй хэмээж ихсийн хишгээс, идээ шүүснээс, сархадаас яахан хождуулав, та нар. 

Үзсээр байтал идэх

Үл сэрээн нүүх болов та нар» хэмээжүхүй. 

71. Тэр үгэнд Орбай Сохатай хоёр хатан өгүүлрүүн: 
      Урьж үл өгтөх (өгөгдөх) мөртэй (жамтай), чи
      Учирваас идэх ёстой, чи
      Хүргэж үл өгтөх (өгөгдөх) мөртэй (жамтай), чи
      Хүртвээс идэх ёстой, чи
      Амбагай хааныг үхэв үү гэж Өгэлүнд хүртэл ийн хэлэгдэх болов. 

72. «Эх, хөвүүд эднийг аргацаан, нутагт орхиж нүүе. Та нар бүү авч явагтун» хэмээгээд маргааш өдрөөс Тайчуудын Таргудай хирилтуг, Төдөгэн гиртэ тэргүүтэн Тайчууд Онон мөрөн рүү хөдлөв. Өгэлүн үжинийг, эхс хөвүүдийг орхиж нүүсэнд Хонхотадай Чараха өвгөн очиж ятгахуйд, Төдөгэн гиртэ өгүүлрүүн: 

        «Цээлийн ус тасарлаа
        Цэгээн чулуу цуурлаа» хэмээн Чараха өвгөнийг «Чи хэрхэн ятгана» хэмээгээд зоо нурууг нь жадаар хатгажээ. 

73. Чараха өвгөн шархтай болж, гэртээ ирж, зовиурлан хэвтэхүйд Тэмүжин үзэхээр оджээ. Тэнд Хонхотадай Чараха өвгөн өгүүлрүүн: «Сайн эцгийн чинь хураасан улсыг, манай бүх иргэдийг авч нүүхэд, тэднийг ятгахаар яваад ийм болов» хэмээжээ. Түүнд Тэмүжин уйлаад гарч явав. Өгэлүн үжин орхин нүүгсэд рүү туг барин, биеэр мордож, заримыг няцаав (буцаав). Тэд буцсан иргэн үл тогтон, Тайчуудын хойноос нүүжээ. 

74. Тайчууд ах дүү нар бэлэвсэн Өгэлүн үжинийг өчүүхэн хөвүүдтэй нь нутагт орхиж нүүцгээжээ. 

    Өгэлүн үжин мэргэн төрж
    Өчүүхэн хөвүүдээ тэжээхээр 
    Өхийтөл богтлож, огдойтол бүслэж
    Онон мөрний өөд уруу гүйж 
    Олирс, мойлс түүж
    Өдөр, шөнө хооллон тэжээв. 
    Сөстэй төрсөн Үжин эх
    Суут хөвүүдээ тэжээхээр
    Цөөрсөн шор барьж
    Сөд, гичгэнэ ухаж тэжээв. 
    Эх Үжиний
    Халиар мангираар тэжээсэн хөвүүд
    Хаад болохуйд хүрэв.
    Зарчимтай Үжин эхийн
    Заргасаар¹ тэжээсэн хөвүүд
    Засагтан сэцэд болов. 

75. Гоо Үжиний
    Гогод мангираар тэжээсэн
    Хорчгор туранхай хөвүүд 
    Хутагтан сайд² болов. 
    Эрс сайд болон өсч
    Эрхин омогтон эл болов. 
    Ээж юүгээн тэжээе хэмээлдэж 
    Эх Ононы эрэг дээр сууж
    Өглүүр гөхий засацгааж
    Эрэмдэг зэрэмдэг загасыг 
    Өлгөж, гөхийлж бариад 
    Зүүгээр дэгээ матаж 
    Зэвэг, хадар гөхийлдөж 
    Гөлми гувчуур уяж
    Жижиг зарам шүүж
    Эх юүгээн ачлан тэжээв. 

76. Нэгэн өдөр Тэмүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүдэй дөрвүүл хамт сууж, гөхий татаж гаргасанд нэгэн гэгээлэг сугас оржээ. Түүнийг Тэмүжин Хасар хоёроос Бэгтэр Бэлгүдэй хоёр булааж авав. Тэмүжин Хасар хоёр гэрт ирж, Үжин эхэд өгүүлрүүн: «Нэгэн гэгээлэг сугас гөхий зуусныг Бэгтэр Бэлгүдэй ах дүү хоёр булааж авав» хэмээвээс Үжин эх өгүүлрүүн: «Юу хэмээж ах дүү та нар яахан тийм хийлдмүй, та нар!

    Сүүдрээс өөр нөхөр үгүй    
    Сүүлнээс өөр ташуур үгүй буй, бид. Тайчууд ах дүү нараас өшөөгөө бид хэрхэн авна хэмээж бүхүйд, эртний Алан гоо эхийн таван хөвүүд мэт та нар ингэж эе үгүй буй? Бүү тэг» хэмээв. 

77. Тэндээс Тэмүжин Хасар хоёр үл таалан өгүүлрүүн: «Өчигдөр нэг бялзуухай харвасныг тийнхүү булааж авлаа. Эдүгээ бас тийнхүү булаав. Бид хамт хэрхэн байх» хэмээгээд үүд хаяж, гарч одов. Бэгтэр довцог дээр шарга агттан есөн морио харж, сууж бүхүйд Тэмүжин араас нь, Хасар өмнөөс нь нууцаар сумаа онилон ирэхийг Бэгтэр үзээд, өгүүлрүүн: «Тайчууд ах дүү нарын хөнөөлийг баран ядан, хэрхэн өшөөгөө авна хэмээж бүхүйд намайг яахан нүдний сормуус, амны хахаас болгоно, та нар?»

    Сүүдрээс өөр нөхөр үгүй 
    Сүүлнээс өөр ташуур үгүйд яахан тийн сэтгэв, та нар? Голомтыг минь бүү бүрэлгэгтүн! Бэлбүдэйг бүү тэвчигтүн! хэмээгээд завилан сууц, хүлцэв. Тэмүжин Хасар хоёр өмнө, хойноос нь үтэр харваж одов. 

78. Үжин эх хоёр хүүхдээ гэрт орж ирэхэд, царайг нь ажиж мэдээд өгүүлрүүн: 

    «Ханиа барагсад
    Халуунаас минь
    Халтхийн гарахдаа
    Гартаа нар нөж атгаж төрлөө, энэ!
    Харвисаа хазах
    Хасар нохой мэт
    Хаданд довтлох хаблан¹ мэт
    Агуураа даран ядах арслан мэт 
    Амьдаар залгих мангас мэт
    Сүүдрээ довтлох шонхор мэт
    Сэмээр залгих цурхай мэт
    Ботгоныхоо борви хазах буур мэт
    Бороонд довтлох чоно мэт
    Хөвүүдээ хөөн ядаж идэх ангир мэт
    Хэвтшээ хөндвөөс өмөөрөх цөөвөр мэт
    Барьж үл саарах барс мэт
    Балмад довтлох баруг нохой мэт барав. 
    Сүүдрээс өөр нөхөр үгүйд
    Сүүлнээс өөр ташуур үгүйд
    Тайчууд ах дүү нарын гашуун хөнөөлийг баран ядаж бүхүйд, хариугаа хэн, хэрхэн авна хэмээж байхад, юунд ийм юм хийцгээнэ та нар» хэмээн хөвүүдээ
    Хуучин үгс татаж
    Өтгөс үгс эшлэж машид буруушаав. 

    ¹ Зэрлэг сараана цэцгийн үндэс, цагаан төмс, замгас 

    ² Сайн хэмээх үгийн олон тоо, сайчуул

    ¹ Нэгэн зүйл бар

Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдээд сая зуныхаа амралтаараа Монголдоо очихдоо Монголын Нууц Товчоо худалдан авсан. 

Монголын түүх ямар ч Монгол хүнд ойрхон байх үүднээс Монголын Нууц Товчоог хэсэгчлэн оруулахаад шийдсэн. 

        

Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (191~197)

Монголын нууц товчоо (198~208)