Монголын нууц товчоо (61~68)
НЭГДҮГЭЭР БӨЛӨГ (61~68)
61. Есүхэй баатар Тэмүжинийг есөн настай байхад Өгэлүн эхийн төрхөмд, Олхунууд иргэн нагац нараас нь охин гуйя хэмээн Тэмүжинийг авч одов. Явах зуураа Цэгцэр Чихургу хоёрын завсарт Хонгирадын Дэй сэцэнтэй уулзав.
62. Дэй сэцэн өгүүлрүүн: «Есүхэй худ юунд зорьж явна?» хэмээсэнд, Есүхэй баатар өгүүлрүүн: «Энэ хөвүүндээ нагац нар Олхунууд иргэнээс охин гуйя гэж явна» хэмээжээ. Дэй сэцэн өгүүлрүүн:
Нүдэндээ галт
Нүүрэндээ гэрэлт хөвүүн байна»
63. Есүхэй худ би энэ шөнө зүүдлэв. Цагаан шонхор нар, сар хоёрыг атган нисч ирээд, гар дээр минь суув. Энэ зүүдээ бусдад өгүүлрүүн: Нар, сарыг бид харж, үздэг бүлгээ. Харин эдүгээ энэ зүүдэнд шонхор атган авчирч, гар дээр минь суув. Цагаан буув. Ямар сайн зүйл үзүүлэх бол хэмээсэн нь Есүхэй худ чамайг эл хөвүүнээ дагуулж ирэхийг энэ зүүд минь мэдсэн ажээ. Зүүд сайн зүүдлэв.
Юун зүүд байх вэ? Танай Хиад иргэний (сүлдэр) сүлд ирж заасан ажгуу.
Зээгийн зүс
Охины өнгөтөн улс
Үл тэмцэлдэн
Хацар гоо охидыг
Хаан болсон таны
Хасаг тэргэнд суулгаж
Хар буур хөлж
Хатируулан одож
Хатан сууринд
Хамт суулгамуу.
Бидний улс иргэн
Үл тэмцэлдэнэ, бид
Өнгө сайт охидоо өсгөж
Өлжигт тэргэнд суулгаж
Өл буур хөлж
Үүсгэж одож
Өндөр сууринд
Өрөөл талд нь суулгамуу.
Хонгирад иргэн бид эртнээс
Хатан халхтан
Охид өчилтэн
Зээгийн зүс
Охины өнгөөр бүлгээ, бид.
Нутгаа харъюу
Охин хөвүүн маань
Өнгө үзэгдьюү.
Есүхэй худ гэрт минь одъё
Өчүүхэн охиныг минь худ үзтүгэй хэмээж, Дэй сэцэн Есүхэйг гэртээ дагуулан ирж, буулгав.
66. Охиныг үзвээс:
Нүдэндээ галтай охин байсан тул ойндоо оруулав. Тэмүжинээс нэг нас эгч аравтай ажгуу. Бөртэ нэртэй ажээ.
Шөнө тэндээ хонож, маргааш охиныг нь гуйваас Дэй сэцэн өгүүлрүүн:
Цөөнтээ гуйлгаж өгвөөс доромжлогдох, Охин хүний заяа төрсөн үүдэндээ өтлөх үгүй тул охиноо өгье, хөвүүнээ ч бас хүргэдэд талбиж¹ од хэмээв. «За» бололцож, Есүхэй баатар өгүүлрүүн: «Хөвүүнээ хүргэдэд талбия. Хүү минь нохойноос цочимтгой бүлгээ. Худ хөвүүнийг минь нохойноос бүү цочуул» хэмээгээд хөтөл мориор бэлэг өгч, Тэмүжинийг хүргэдэд талбиж оджээ.
67. Есүхэй баатар замдаа Цэгцэрийн шар хээр талд Татаар иргэн хуримлаж бүхүйд тааралдаад, ундаасч явсан тул хуримд буув. Тэд Татаар түүнийг танин, «Есүхэй хиан ирэв» хэмээгээд урьдын булаагдсан хорслоо дурдаж, өшөө өвөрлөн, идээнээ хор хольж өгчүхүй. Замдаа бие нь муудаж, гурван хоног явж, гэртээ хүрээд улам муу болж,
68. Есүхэй баатар өгүүлрүүн: «Дотор минь муу буй. Дэргэд хэн буй» хэмээсэнд Хонхотадай Чараха өвгөний хөвүүн Мөнлиг ойр байна хэмээвээс түүнийг урьж ирүүлж, өгүүлрүүн: «Мөнлиг хүү минь! Хөвүүд маань балчир бүлгээ. Би Тэмүжин хөвүүнээ хүргэдэд талбиж ирэх зуур Татаар иргэдэд хорлогдлоо. Дотор минь муу байна. Нялх хоцорсон дүү нараа, бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд. Хүү минь Тэмүжинийг даруй явж авчир. Мөнлиг хүү минь» хэмээгээд нөгчив.
¹ Хадмын хүргэн хөвүүн хүчээ өгөх ёсыг хэлнэ.
Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдээд сая зуныхаа амралтаараа Монголдоо очихдоо Монголын Нууц Товчоо худалдан авсан.
Монголын түүх ямар ч Монгол хүнд ойрхон байх үүднээс Монголын Нууц Товчоог хэсэгчлэн оруулахаад шийдсэн.
Comments
Post a Comment