Монголын нууц товчоо (51~60)

  НЭГДҮГЭЭР БӨЛӨГ (51~60)

51. Хутула хааны хөвүүд Жөчи, Гирмагу, Алтан гурван бүлгээ. Хулан баатарын хөвүүн Их чэрэн бүлгээ. Бадай Хишилиг хоёр Дархадын ноён тэр бүлгээ. Хадаан Төдөгэн хоёр ураг угсаа үгүй бүлгээ. 

52. Хамаг Монголыг Хабул хаан мэдэн байв. Хабул хааны хойно, Хабул хаан өөрийн долоон хөвүүдээ байтал, Сэнгүм билгэгийн хөвүүн Амбагай хаан Хамаг Монголыг мэдэн байв. 

53. Буйр нуур Хөлөн нуур хоёрын зуур Оршуун мөрнөө бүхүй Айригууд, Буйругууд, Татаар иргэнээ Амбагай хаан охин өгч, өөрөө охиноо үдэж очиход, Татаар Жүййн¹ иргэн Амбагай хааныг барьж, Хятаны Алтан хаанд авч одохуйд, Амбагай хаан Бэсүдэй Балахачи элчээр илгээж, «Хабул хааны долоон хөвүүдийн дундах Хутулад өгүүл. Миний арван хөвүүдийн дотор Хадаан тайшид очиж хэл» хэмээн өгүүлж илгээхдээ,  «Хамгийн хаан улсын эзэн байж охиноо өөрөө хүргэхийг надаар гэсгээгтүн! Би Татаар иргэнд баригдлаа. 

        Таван хурууныхаа хумсыг
        Тамтартал
        Арван хуруудаа
        Авттал
        Ач (өс)-ийг минь авран тэмцэгтүн» хэмээж илгээжээ. 

54. Тэр цагт Есүхэй баатар Онон мөрнөө шувуу агнаж явах зуур, Мэргэдийн Их чилэдү Олхунууд иргэнээс охин аваад, буцаж явахад учирч, тэргийг өнгийж үзвээс, өнгө зүс үзэсгэлэнтэй хатныг үзэж гэртээ харьж, Нэхүн тайш ах юугаан, Дааридай отчигин дүүгээ дагуулж, хүрч иржээ. 

55. Хүрч ирэхэд, Чилэдү айжээ. Тэр хурдан хул морьтой ажгуу. Хул юугаан гуяыг нь ташуурдаж, гүвээ даван дутаахад, хойноос нь гурвуул удааралдан нэхэв. Чилэдү хошуу тойрон, тэргэндээ буцаж ирвэл, тэнд Өгэлүн үжин өгүүлрүүн: «Тэр гурван хүнийг ухаж мэдэв үү, чи. Тэдний царай, царай бус буй. Аминд минь хүрэх царайтан буй. 

        Амьд мэнд бөгөөс
        Өлжиг тутам охид
        Харуу тутам хатад буй.

        Амьд мэнд гарваас охин хатан олох буй за, чи. Өөр нэртийг авбал чи Өгэлүн гэж нэрлээрэй. Амиа хоргоо! Үнэрийг минь үнэрлэж яв» хэмээн цамцаа мулталж өгөхөд, морин дээрээс налсхийж авмагц, гурван морьтон хошуу тойрон гарч ирэхэд, Чилэдү хурдан хулын гуяыг ташуурдан яаран дутааж, Онон мөрөн өөд одов.

56. Гурвуул хойноос нь нэхэж, долоон гүвээ давтал үлдэн хөөж, буцаж ирж, Өгэлүн үжинийг Есүхэй баатар дэлбэгнээс хөтөлж, Нэхүн тайш ах нь дагуулж, Дааридай отчигин дүү нь тэрэгний арал зэрэгцэж явахуйд Өгэлүн үжин өгүүлрүүн: 

         «Чилэдү ах минь
        Хий (салхи) өөд
        Хөхлөө хийсгэсээр
        Хээр газар
        Хэвлээ өлсгөсөөр буй за.
        Эдүгээ энэ хоёр шивэргэл гэзгээ нэгэнтээ ар тийш, нэгэнтээ өвөр тийш хаяж, урагш хойш унжуулж яахан ингэж явна» хэмээгээд

        Онон мөрнийг долгистол

Ой хөндийг дуурстал их дуугаар уйлж явахуйц, Дааридай отчигин зэрэгцэн явж өгүүлрүүн:

         «Даварих¹ эр чинь
        Даваа олныг давав.
        Уйлуулах эр чинь
        Ус олныг гэтлэв.
        Хайлж уйлавч
        Харж үл үзнэ, чамайг
        Хайж эрэвч
        Хаалгыг²  нь үл олох, чи.
        Чимээгүй бол» хэмээж ятгав. Өгэлүн үжингийг Есүхэй гэртээ даруй явч ирэв. Өгэлүн үжинийг Есүхэйн авч ирсэн ёсон тийм.

57. Амбагай хаан, Хадаан Хутула хоёрыг нэр зааж илгээснээр, Хамаг Монгол, Тайчууд Ононы Хорхонагийн хөндийд хурж, Хутулыг хаан болгов. Монголын жаргалан нь дэвсэн (бүжиглэн), хуримлан цэнгэх бүлгээ. Хутулаг хан өргөмжлөөд, Хорхонагийн саглагар мод тойрон

        Хавиргандаа
        Хуулга болтол
        Өвдгөндөө
        Өвчин ортол дэвсэв (бүжиглэв).

58. Хутула хаан болоод, Хадаан тайш хоёул Татаар иргэнд морилов. Татаарын Хөтөн бараха Жали буха хоёртой арван гурван удаа хатгалдсан боловч

        Амбагай хааны
        Өшил өшин
        Хясал хясан ядав.

59. Тэнд Есүхэй баатар Татаарын Тэмүжин Үгэ, Хори буха тэргүүтэн Татаар иргэдийг дагуулиж ирэх үед, жирэмсэн байсан Өгүлэн үжин Ононы Дэлүүн болдогт бүхүйд, зөв (чухам) тэнд Чингис хаан төржүхүй. Татаарын Тэмүжин үгэг авч ирэхэд төрөв хэмээн Тэмүжин нэр өгсөн учир тийм.

60. Есүхэй баатарын Өгэлүн үжинээс Тэмүжин, Хасар, Хачигун, Тэмүгэ эдгээр дөрвөн хөвүүн төрөв. Тэмүлэн нэртэй нэгэн охин төрөв. Тэмүжинийг есөн настай байхад Жөчи хасар долоон настай, Хачигун элчи таван настай, Тэмүгэ отчигин гурван настай, Тэмүлүн өлгийтэй бүлгээ. 


    ¹ Овог аймаг гэсэн үг

    ¹ Учрах, ханилах гэсэн утгатай (Алтан товч)

    ² Зам мөр гэсэн утгатай


Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдээд сая зуныхаа амралтаараа Монголдоо очихдоо Монголын Нууц Товчоо худалдан авсан. 

Монголын түүх ямар ч Монгол хүнд ойрхон байх үүднээс Монголын Нууц Товчоог хэсэгчлэн оруулахаад шийдсэн. 

Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (191~197)

Монголын нууц товчоо (198~208)