Монголын Нууц Товчоо (41~50)

НЭГДҮГЭЭР БӨЛӨГ (41~50)

41. Тэр эм бас Бодончараас нэгэн хөвүүн төрүүлэв. «Барьж авсан эм бүлгээ» хэмээн тэр хөвүүнийг Бааридай нэрийдэв. Баарины өвөг тэр болов. Бааридайн хөвүүн Чидухул бөх. Чидухул бөх эмс олонтой бүлгээ. Хөвүүд нь мэнэ³ мэт олон төрөв. Мэнэн баарин овогтон тэд болов. 

42. Бэлгүнүдэй Бэлгүнүд овогтон болов. Бүгүнүдэй Бүгүнүд овогтон болов. Бугу хатаги Хатагин овогтон болов. Бугуту салжи Салжууд овогтон болов. Бодончар Боржигин овогтон болов. 

43. Бодончарын авааль эмээс төрсөн хөвүүн нь барим шийрт Хабичи нэрт бүлгээ. Тэр Хабичи баатарын эхийн инжид ирсэн эмийг Бодончар татвар эм болгож, нэгэн хөвүүн төрөв. Жэгүрэдэй нэрт бүлгээ. Жэгүрэдэй урьд зүхэл тайлгад орж байсан бүлгээ. 

44. Бодончарыг үгүй болсны хойно тэр Жэгүрэдэйг «Түүний гэрт ямагт Аданхан урианхадай хүн буй бүлгээ. Түүний хөвүүн буй за» хэмээн зүхэл тайлгаас гаргаж, Жэгүрэйд овогтон болгожээ. Жэгүрэйдийн өвөг тэр болов.

45. Хабичи баатарын хөвүүн Мэнэн тудун бүлгээ. Мэнэн тудуны хөвүүн Хачи хүлүг, Хачин, Хачигу, Хачула, Хачигун, Харалдай, Начин баатар долоо бүлгээ.

46. Хачи хүлүгийн хөвүүн Хайду, Номулун эхээс төрсөн бүлгээ. Хачины хөвүүн Ноёгидай нэрт бүлгээ. Ноёмсог авиртай тул Ноёхон овогтон болов. Хачигугийн хөвүүн Баруладай нэрт бүлгээ. Их биетэй, идээ барах бүлгээ. Тэр Барулас овогтон болов. Хачулагийн хөвүүн бас идээн барах тул Их барула, Өчүүхэн барула хэмээн нэрийдэж, Барулас овогтон болгож, Эрдэмт барула, Төдөгэн барула тэргүүтэй Барулас тэд болов. Харалдайн хөвүүд будаа хутгалах мэт эх, түрүү үгүй тул Будаад овогтон тэд болов. Хачигуны хөвүүн Адархидай нэрт бүлгээ. Ах дүү өөр зуураа адралдагч тул Адархин овогтон болов. Начин баатарын хөвүүд Уругуудай, Мангудай нэрт бүлгээ. Уругууд, Мангуд овогтон тэд болов. Начин баатарын авааль эмээс төрсөн хөвүүд нь Шижуудай, Доголадай нэрт бүлгээ. 

47. Хайдугийн хөвүүд Бай шинхор догшин, Чарахай линху, Чаужин өртэгэй гурав бүлгээ. Бай шинхор догшины хөвүүн Тумбинай сэцэн бүлгээ. Чарахай линхугийн хөвүүн Сэнгүм билгэ, Амбагайтан Тайчууд овогтон болов. Чарахай линхугийн бэргэн эмээс төрсөн хүү Бэсүдэй нэрт бүлгээ. Бэсүд овогтон тэд болов. Чаужин өртэгэйн хөвүүд Оронар, Хонхотан, Арулад, Сөнид, Хабтурхас, Гэнигэс овогтон тэд болов. 

48. Тумбинай сэцэний хөвүүн Хабул хаан Сэм сэчүлэ хоёр бүлгээ. Сэм сэчүлэгийн хөвүүн Бүлтэчү баатар бүлгээ. Хабул хаан долоон хөвүүнтэй бүлгээ. Ууган хөвүүн нь Охин бархаг, удаах нь Бартан баатар, Хутугту мөнгүр, Хутула хаан, Хулан, Хадаан, Төдөгэн отчигин эд долоо бүлгээ. 

49. Охин бархагийн хөвүүн Хутугту жүрхи бүлгээ. Хутугту жүрхийн хөвүүд Сача бэхи Тайчу хоёр бүлгээ. Жүрхи овогтон тэд болов. 

50. Бартан баатарын хөвүүд Мэнгэтү хиан¹, Нэхүн тайш, Есүхэй баатар, Дааридай отчигин энэ дөрөв бүлгээ. Хутугу мөнгүрийн хөвүүн Бүри бөх бүлгээ. Ононы түнд хуримлахуйд, Бэлгүдэйн мөрийг ангасхийтэл цавчсан тэр бүлгээ. 


    ³ Олон үр зулзага гаргадаг амьтан (мэлхий)

    ¹ Хиад овогтны ганц тооны хэлбэр


Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдээд сая зуныхаа амралтаараа Монголдоо очихдоо Монголын Нууц Товчоо худалдан авсан. 

Монголын түүх ямар ч Монгол хүнд ойрхон байх үүднээс Монголын Нууц Товчоог хэсэгчлэн оруулахаад шийдсэн. 

Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (191~197)

Монголын нууц товчоо (198~208)