Монголын нууц товчоо (11~20)
НЭГДҮГЭЭР БӨЛӨГ (11~20)
11. Дува сохор ах нь дөрвөн хөвүүнтэй бүлгээ. Төдий атал Дува сохор ах нь үгүй болов. Дува сохор үгүй болсны хойно, дөрвөн хөвүүн нь Добун мэргэн авга юугаан ургаа үл болгон доромжилжь хагацаж гээж нүүв. Дөрвөн овогтойн болж, Дөрвөн иргэн тэд болов.
12. Түүний хойно нэгэн өдөр Добун мэргэн Тогоцог өндөр дээо гөрөөлөхөөр гарав. Ой дотор Урианхадай хүн чөх (гунан) буга алж хавирга авидыг нь шарж бүхүйд золгож,
13. Добун мэргэн өгүүлрүүн: "Нөхөр шорлогдоо" хэмээжээ. Өгсүү хэмээж уушигт зүлд, арьсыг нь авч, чөх бугын мах бүгдийг Добун мэргэнд өгөв.
14. Добун мэргэн тэр чөх бугыг ачиж ирэх зуураа нэгэн яданги хүн хөвүүнээ хөтөлж явахтэй золгож,
15. Добун мэргэн "Юун хүн чи?" хэмээн асууваас, тэр хүн өгүүлрүүн: "Би Маалиг баягудай иргэн, ядаж явна. Тэр гөрөөснийхөө махнаас надад өг. Би энэ хөвүүнээ чамд өгье" хэмээжээ.
16. Добун мэргэн тэр үгэнд орж, чөх бугын өрөөл (өрөөсөн) гуяыг нь тасалж өгч, тэр хөвүүнийг нь авч ирж гэр зуур зарж байх бүлгээ.
17. Тийн атал Добун мэргэн үгүй болов. Добун мэргэнийг үгүй болсны хойно Алан гоо эр үгүй бөгөөтөл гурван хөвүүн төрүүлэв. Бугу хатаги, Бугуту салжи, Бодончар мунхаг нэртэй бүлгээ.
18. Урьд Добун мэргэнээс төрсөн Бэлгүнүдэй Бүгүнүдэй хоёр хөвүүн нь Алан гоо эх юүгээн эчнээ өгүүлрүүн: "Энэ эх, бидний ах дүү, үеэлид хаяалид хүн үгүй, эр үгүй атлаа эд гурван хөвүүдийг төрүүлэв. Гэр дотор гагч Маалиг баягудай хүмүүн буй. Эд гурван хөвүүд түүнийх буй за" хэмээн эх юүгээн эчнээ хэлэлцэхийг, Алан гоо эх нь ухаж мэдээд,
19. Хаврын нэгэн өдөр хонины хөншилмөл (хуршмал) мах чанаж, Бэлгүнүдэй Бүгүнүдэй, Бугу хатаги, Бугуту салжи, Бодончар мунхаг энэ таван хөвүүнээ зэрэгцүүлэн суулгаж, нэг нэг (мөс) сум-ийг "Хугалагтун" гэж өгөв. Нэг нэг мөсийг амархан хугачиж орхив. Бас таван мөсийг хамж боож "Хугалагтун" хэмээж өгөв. Тавуул таваар багцлан боосон мөсийг хүн бүр авч, тойруулж оролдоод, хугалан ядав.
20. Тэнд Алан гоо эх өгүүлрүүн: "Бэлгүнүдэй Бүгүнүдэй та хоёр хөвүүн минь намайг энэ гурван хүүхдийг төрүүлэв. Хэний юуны хөвүүд буй хэмээн сэрдэн хэлэлцмүү. Сэрдэх чинь зөв.
Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдээд сая зуныхаа амралтаараа Монголдоо очихдоо Монголын Нууц Товчоо худалдан авсан.
Монголын түүх ямар ч Монгол хүнд ойрхон байх үүднээс Монголын Нууц Товчоог хэсэгчлэн оруулахаад шийдсэн.
Comments
Post a Comment